Баттөмөр.Б 2018.01.12

Төв банкны тухай хуулийг баталлаа

Төв банкны тухай хуулийг баталлаа

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хууль санаачлагчид нь Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг ил тод, тодорхой болгох, Монголбанкны үйл ажиллагаанд өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг агуулгаар Төв банкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөсөн байна.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хороо 2017.01.10-нд хуралдаж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. 

Төсөлд Монголбанк үндсэн зорилтоо хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах чиг үүрэг бүхий Мөнгөний бодлогын зөвлөлтэй байхаар тусгасан бөгөөд тус зөвлөл нь Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Монголбанкны ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж Улсын Их Хурлаас томилсон дөрвөн гишүүнийг оролцуулан нийт долоон гишүүнтэй байх зохицуулалтыг тусгасан байна.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхи нь дэмжсэнээр Төв банкны тухай хуулийн төсөл батлагдлаа.