Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуулийг эцэслэн баталлаа. Халдашгүй дархан эрхтэй Төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, арилжааны банкуудын шалгах эрх өргөсөж, шийдвэрийг нэг хүн биш бүлэг хүмүүс гаргадаг болсон гэдгийг онцолж байна. Мөн түүхэндээ анх удаа олон улсын Төв банкуудтай ижил эрхзүйн орчинг бүрдүүлсэн байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол төрийн тогтвортой байдлыг хангах гэсэн хуучин заалтыг хэвээр үлдээсэн. Учир нь Монгол Улсын эдийн засаг шилжилтийн буюу хямралын байдалтай байна. Энэ үед төгрөгийнхөө тогтвортой байдлыг хадгална гэдэг бол үнэгүйдэл, инфляцийг хянах зорилтын хүрээнд ажиллах ёстой. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, хамтын шийдвэр гаргадаг 4 зөвлөлтэй болгож, нэг хороотой болгож байгаа. Төв банк арилжааны банкуудыг сайн шалгадаг, асуудлыг хүндрүүлдэггүй, асуудлыг дор дор нь арга хэмжээ аваад явдаг болгож өгч байна.
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. Б.Бат-Эрдэнэ: "Банктай холбоотой хуулийн өөрчлөлтүүд тодорхой үр дүн гаргана гэж бодож байна. Төв банк бол өмнө нь мөрдөж байсан хуулиар хараат бусаар ажиллах байдал нь зарим талаараа тодорхойгүй байсан дутагдал байгаа. 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд Монголбанкинд асар их зөрчил, алдаа гарсан. Тэрний үр дагаварыг нь улс орон, ард түмэн үүрч байна. Бид өмнөх 4 жил энэ танхимд асуудлыг яриад л байсан. Гэвч хууль эрхзүйн талаасаа тодорхойгүй, ажил хариуцаж байсан хүмүүсийн ёс зүйтэй холбоотойгоор бидний зөв шүүмжлэлийг аваагүй. Тухайлбал олон сайн нэртэй хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Үнэ тогтоворжуулах хөтөлбөр үр дүн гараагүй. Дээрээс нь асар их зээл бонд олгосон. Арилжааны банкуудад давуу байдал олгосон. Арилжааны банкууд бол ихэнхи нь гадаад эзэнтэй. Томхон хувьцааг нь УИХ-д сууж байгаа гишүүд эзэлдэг. Өнөөдөр ч гэсэн өөрсдөдөө хэрэгтэй шийдвэр гаргаад, Засгийн газар, Монголбанкаар дамжуулаад хичнээн тэрбумын дэмжлэг авч байна гэдэг яриа гараад л байна. Том компаний эзэд ялгаагүй. Татварын хэдэн тэрбумын хөнгөлөлт эдлээд байдаг. Тэгсэн хэрнээ иргэдэд хэд хэдэн татвар тавьдаг. Монолбанктай холбоотой энэ гажуудлуудыг хаах чиглэлээр хуулийн өөрчлөлтүүдийг хийсэн гэж бодож байна. Хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр материалтай танилцаж байхад Монголбанк Засгийн газрын хараат бус байдлаар ажиллах боломжийг нээсэн шинэ нэмэлт оруулсан байсан. Хэлэлцүүлгийн явцад энэ хасагдсан уу? 2 их наяд төгрөгний алдагдал Монголбанк хүлээсэн гэж ярьж байсан. Одоо 3 их наяд төгрөгний алдагдалд хүрсэн байна гэсэн. Ингэж болохгүй. Төв банкны тухай хуульд өөрчлөлт орсноор бидний ярьж байгаа асуудлыг ажиллаж байгаа хүнээс үл хамаарч хууль эрхзүйн талаас бүрэн хэмжээнд шинэчилж, хаалт зохицуулалт хийж чадсан байна уу?" Б.Баттөмөр: "Засгийн газраас болон бусад газраас Монголбанк хараат бус ажиллах эрх зүйн орчин өнгөрсөн 20 жилийн хугацаанд байсан. Харамсалтай нь хуулиа хэрэгжүүлээгүй. 3.1 их наяд төгрөний алдагдал гарсан. Үүний 1.2 их наяд төгрөг нь дотоодын своп хэлцэл ашиггүй хийсний алдагдал. 230 тэрбум төгрөг нь ханшийн тэгшитгэлээс гарсан алдагдал. 678 тэрбум нь Хятадын своп хэлцэл болон дотоодын банкуудтай хийсэн гэрээнээс үүссэн алдагдал. Энэ хуулинд урьд нь байсан хараат бус ажиллах заалтуудыг хэвээр үлдээсэн. Үүн дээрээс нэмээд хуульд зааснаас бусад хэлбэрээр, тухайлбал, хамтарч ажиллах, үр ашиггүй гэрээ байгуулахыг хориглосон. Үүнээс гадна банк болон бусад ААН-д давуу байдал үүсгэхгүй гэж оруулсан. Энэ болгоныг хааж өгсөн гэж үзэж байгаа. Сайн нэртэй хөтөлбөрүүд хэрэгжүүлснээс 478 тэрбум төгрөгний алдагдал Монголбанк хүлээсэн."
УИХ-ын гишүүн Б.Жавхлан 25-р суваг телевизийн "Тодруулга ярилцлага" буланд оролцож банкны салбарын хуулиудын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. -Төв банкны хуулинд тус банкны хараат бус байдлын статусыг өөрчлөх асуудал яригдаж байна. Энэ асуудалд гишүүд нилээн болгоомжтой хандаж байна. Ялангуяа Төв банкны удирдлагыг хаанаас, хэн, яаж томилох вэ гэдэг асуудал ч мөн маргаантай байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ? -Төв банкны хууль 1990 онд анх батлагдаж байсан. Манай эдийн засгийн суурь хуулиудын нэг юм. Мэдээж УИХ-аас томилогдсон Төв банкны гурван ерөнхийлөгч бодлогод оролцоно. Үлдсэн дөрвөн гишүүнийг хаанаас, хэнийг төлөөлж оруулах нь асуулт байна. Энэ асуудал дээр түрүүний миний ярьсан олон улсын стандарт, сонгодог зарчмаар бол цаанаа эдийн засгийн загваруудыг төлөөлж оролцох ёстой. Гэтэл манайд тийм институц одоогоор алга байна.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төвбанкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асуусан юм. Д.ЭРДЭНЭБАТ: ИЙМ ХОЛ ЗӨРҮҮТЭЙ МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ УИХ БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХУГАЦААНД ГАНЦХАН УДАА ХЭЛЭЛЦЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ 2012 онд 1400 төгрөг байсан доллар 2016 оны үед 1900 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл эдийн засгийн маш хүндрэлэй 4 жилийн хугацаанд 500 төгрөгөөр хэлбэлзсэн. Харин 2016 оны сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдаад 1900 төгрөгтэй тэнцэж байсан ханш 6-хан сарын дотор 2400 доллар болж 500 төгрөгөөр давсан. Энэ тоог залруулга хийж хэлэхгүй бол өмнөх Засгийн газарт наах гэсэн улстөрийн оролдлого болих хэрэгтэй. Монголбанк тухайн үед УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ арилжааны банкуудаар дамжуулж хийснээс биш ААН-үүдтэй нэг ч гэрээ хийгээгүй. Тиймээс энэ асуудлыг улстөржүүлдгээ боль. Хэрвээ 3 тэрбум долларын нөөцтэй болсон юм бол ААН-ийн өр зээлийн асуудлыг шийдэх, хүүгийн асуудлыг зохицуулах вэ гэдэгт шийдэл олоорой. Төв банкны тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг их ажилласан. Гэхдээ хангалтгүй зүйл байгаа гэдгийг З.Нарантуяа гишүүн хэлж байна. Ялангуяа банкны хараат бус байдал нь хэд хэдэн зүйл дээр ойлгомжгүй харагдаж байна. Үүнийг ажлын хэсгийн даргад ч хэлсэн. Ажлын хэсэгт нэгдмэл санал байхгүй байна. Гэхдээ байнгын хороогоор хэлэлцсэн гэдэг нэрийн дор өнөөдөр УИХ-д оруулж ирж байгаад би шүүмжлэлтэй хандаж байна. Хугацаанд хавчигдаж болохгүй. Засгийн газраас хэр хараат байх вэ гэдэг асуудал дээр Монголбанкны ерөнхийлөгч зөвлөх эрхтэйгээр оролцох уу, хамтарч ажиллах уу гэдэг нь хуулийн заалтад тодорхойгүй байна. Улстөрөөс хараат бус байдал гэдэг нь УИХ-аас Монголбанкинд хяналт тавих боломжгүй болох нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна. Үүн дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Төрийн мөнгөний бодлогыг жил болгон хэлэлцдэг байсныг 3 жил тутамд хэлэлцдэг болгох нь буруу. Үүнийг 2 жил болгоё гэдэг З.Нарантуяа гишүүний саналыг эргэж хараарай. Ийм хол зөрүүтэй мөнгөний бодлогыг УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд ганцхан удаа хэлэлцэнэ гэж байхгүй. Д.ДАМБА-ОЧИР: 3 ЖИЛ ГЭДГИЙГ 1 ЖИЛ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭСЭН Банкны салбарын 2 хууль өргөн баригдаад, хэлэлцэх эсэхийг шийдсэнээс хойш 2 сар ажиллаа. Дэд ажлын хэсэг буюу Монголбанкынхан өдөр болгон шахуу ажиллаж байсан. Б.Жавхлан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг, Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 4-5 удаа хуралдсан. Том ажлын хэсэг 2 удаа хуралдсан. АН-ынхан 2 хуулинд аль алинд нь тав хоногийн завсарлага авсан. Байнгын хорооны хувьд хүлээцтэй хандаж 3 удаа хойшлуулсан. УИХ-ын гишүүдийн бүх саналыг аваад, ажлын хэсэгт өгч, тусгуулаад явсан. Ялангуяа Д.Эрдэнэбат, З.Нарантуяа гишүүн нарын саналыг бараг бүгдийг нь тусгаж авсан гэж ойлгож байгаа. Хэд хэдэн удаа хүлээцтэй хандаж, саналуудыг авч байж өчигдөр эхнийхээ хэлэлцүүлгүүдийг байнгын хорооны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлэг хийхдээ дэгийн тухай хуулийн дагуу хийсэн. Д.Эрдэнэбат гишүүний асуултад хариулахад 3 жил гэж байсныг 1 жил хэвээр нь үлдээсэн. 6 сараар орж ирж тайлагнадаг байсныг улирал тутамд гээд хуучин байснаар нь үлдээсэн. Яг хуучныхаа хэлбэрээр явж байгаа.
УИХ-ын чуулганаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг өнгөрсөн 11 сарын 17 өдөр Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монголбанк сайн ажиллаж чадахгүй байгаа гэдэг байр суурийг хэлсэн юм. С.Эрдэнэ байр сууриа илэрхийлэв Мөнгөний бодлогын зөвлөлийг байгуулахдаа Монголбанкын ерөнхийлөгч нь өөрөө нэр дэвшүүлдэг байх нь ёс зүй талаасаа ч, эргээд үүрэг хариуцлага тооцох талаасаа ч энэ байж болохгүй. Өөрөө нэр дэвшүүлж багаа бүрдүүлчхээд, тэдэндээ нөлөөлж шийдвэр гаргуулчхаад дараа нь түүнийгээ хамтын шийдвэр байсан мэтээр тайлбарлах нь хэр зохистой вэ? Тиймээс нэр дэвшүүлэлт нь 2-3 шатлалтай, дэвшүүлж буй байгууллага нь өөр эрх бүхий байгууллага байхаар зохицуулалт хийж өгөх нь зүйтэй. Тэгж байж жинхэнэ хараат бус, хамтын шийдвэр гаргадаг мөнгөний бодлогын хороо болно. Мөнгөний бодлогын хороо бол тоглоом биш. Монгол улсын их хурлын үндсэн эрх үүргийг бодлогын түвшинд хянаж, мэдлэг арга зүйн талаас дэмжиж ажиллах чиг үүрэг бүхий байгууллага гэж би ойлгож байгаа. Энэ хороо нь өөрөө нэг хүний мэдлийнх болчих юм бол энэ хороо ажиллахгүй ээ. Өнөөдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн хэд хэдэн зүйл дээр хариуцлагагүй байгаа гэж хэлмээр байна. Долларын ханшийг 2700 хүртэл өсгөсөн асуудал түүнтэй холбоотой шүү дээ. Гадаад валютыг нөөцөө хасах байгааг зарласан хүн шүү дээ. 1964 төгрөг байсан долларын ханшийг 2700 төгрөг болж хөөрөгдсөн. Энэ ханшаа өнөөдөр буулгаж чадахгүй л явж байна шүү дээ. 1 жил 7 сарын хугацаанд долларын ханшийг 600-700 төгрөгөөр өсгөсөн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 500 төгрөгөөр л өссөн шүү дээ.