Д.Оюунхорол: Улс төр ӨС ХОНЗОНГИЙН талбар биш
2018.01.22

Д.Оюунхорол: Улс төр ӨС ХОНЗОНГИЙН талбар биш

УИХ-ын гишуун Д.Оюунхоролыг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа

-Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулахаар болсон. Ийм сан байгуулах хэрэгтэй байсан уу. Өмнө “Цэвэр агаар сан” гэж байгуулаад дарга нар нь хэрэгт орсон жишээ байгаа шүү дээ.

-Тиймээ, өмнө үйл ажиллагаа явуулж байсан “Цэвэр агаар” санг татан буулгасан. Гэхдээ тэнд ажиллаж байсан зарим албан тушаалтнууд сангийн үйл ажиллагааг буруу зохион байгуулж, санхүүжилтийг хууль бусаар зарцуулан хуулийн байгууллагаар шалгагдаж, хариуцлага хүлээж байснаас үүдэлтэй байх.

Харин санг татан буулгасан нь буруу гэж боддог.

Агаарын бохирдол онц ноцтой хэмжээнд хүрч, шийдвэрлэх олон асуудал байхад бид санхүүгийн бусад эх үүсвэр хайж, ашигтай гарцыг олохоор идэвхтэй ажиллах ёстой байсан.

Шинээр байгуулагдаж байгаа сангийн үйл ажиллагааг нээлттэй, хяналттай, ил тод явуулбал агаар орчны бохирдлыг бууруулахаар төлөвлөсөн ажилдаа үе шаттайгаар шуурхай зарцуулах боломж бүрдэнэ. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар олборлосон нүүрсний нэг кг тутамд нэг төгрөг, импортолсон, үйлдвэрлэсэн органик уусгагчийн нэг кг тутамд 10 төгрөг, автомашины ангиллаас хамаарч жилд 1800-9500 төгрөг татвар хураах зохицуулалттай.

Жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг. Агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагдахгүй байгаа нь хуулийн амин сүнс хэрэгжүүлэх механизм хангалтгүй байгаагийн нэг илрэл.

Тиймээс Агаарын бохирдлын төлбөрийг тусгай санд төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулах нь зөв л дөө. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулахад чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөрүүд ч хэрэгждэг бүх хөрөнгийг нэг санд төвлөрүүлээд олон нийтийн хяналттайгаар хуулийн дагуу зарцуулах ёстой.

-Н.Цэрэнбат сайд зорилтод бүлгийн 13 мянган өрхөд утаагүй  зуух, түлш тараах шаардлагатай гэж яриад байгаа. Энэ зөв шийдэл мөн үү?

-Улаанбаатар хот газар зүйн байршлын хувьд уулсаар хүрээлэгдсэн, салхигүй тогтуун байдаг тул агаарын бохирдол сарнихгүй нам дор газраа тунардаг. Агаарын бохирдлын 80 хувийг гэр хороололд түлж байгаа нүүрсний утаа эзэлж байна. Түүнээс гадна, цахилгаан станц, авто машины утаа ч тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа.

Түүхий нүүрсний хэрэглээг бууруулж байж л утаагүй болно. Мэдээж гол гарц бол гэр хорооллоо орон сууцжуулах, дэд бүтцээр хангах, нийслэлийн төвлөрлийг сааруулж хотоо тэлэх дэд бүтцийг яаралтай шийдэх гарц хайх явдал. Энэ шийдэл нь 1-2 жилд хийчих ажил биш шүү дээ.

Утааны эх үүсвэртэйгээ тэмцэж байна гээд гэр хорооллын айлуудаа нүүрс түлэхийг нь шууд хориглож болохгүй. Цаашдаа түүхий нүүрсийг орлуулах тууштай шийдэл гаргаж байж л хориглох боломжтой юм.

Автомашины хуучин дугуй, ундааны хуванцар сав цуглуулж түлдэг айлууд ч олон байна. Тиймээс эдгээр орлого багатай зорилтод бүлэгт утаа бага ялгаруулдаг зуух, түлш олгох нь нэг шийдэл байж болно. Цаашид гэр хорооллыг төвлөрсөн цахилгаан, дулаанаар хангах ажлыг эрчимжүүлж, агаарыг бохирдлыг арилгах болно.

БОАЖ-ын сайд агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 194 ажил хийх хэрэгтэй. Үүнд 9.8 их наяд төгрөг шаардлагатай. Тэгвэл утаа 100 хувь арилна гэсэн. Үнэхээр тийм их ажил, хөрөнгө шаардагдах уу. Та өмнө нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан хүний хувьд нэгийг хэлэх байх?

-Агаарын бохирдлыг эрс бууруулж, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд багагүй цаг хугацаа, ихээхэн хүч хөрөнгө, ажлын зөв зохион байгуулалт, хүчин чармайлт шаардана. БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад анх удаагаа “Агаар орчны бохирдлыг бууруулах” үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан.

Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулан, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв даддыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх явдал юм.

Ойрын болон дунд, урт хугацаанд хэрэгжүүлж дуусах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад бүх яамд, агентлаг, эрдэмтэн суддаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан.

Салбаруудын тооцоо судалгааг үндэслэн, холбогдох бусад газруудын саналыг тусган боловсруулсан маш сайн хөтөлбөр.

Хөтөлбөрийн арга хэмжээг улсын болон орон нутгийн төсөв, агаарын бохирдлын төлбөрийн орлого, ус бохирдуулсны төлбөрийн орлого, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, ААНБ-ын хөрөнгө болон бусад эх үүсвэрийн 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж батлуулсан.

Төрийн ажил залгамж чанараараа л явах ёстой. Нарийвчилсан төлөвлөгөө БОАЖЯ-ны сайдад байгаа байх. Тухтайхан танилцаарай. Хэвлэл мэдээллийн та бүхний оролцоо маш чухал шүү дээ.

-У.Хүрэлсүх сайд 500 сая ам.долларыг агаарын бохирдлын эсрэг зарцуулахаар боллоо. Өмнөх Засгийн газруудтай харьцуулшгүй их хөрөнгө зарцуулах нь. Энэ мөнгөөр чухам юу хийвэл зохилтой вэ. Яг төлөвлөсөн ажил алга л харагдаад байна?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын хувьд У.Хүрэлсүх Ерөнхий сайд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлээр гэр хорооллоо орон сууцжуулах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж дагуул хот байгуулах бэлтгэл ажлыг хангаж дэд бүтцийг шийдвэрлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн тухайгаа ярьж байсан шүү дээ.

-Эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийг байгуулсан. Бүлэг чухам ямар ажил хийж байна?

-Монголын парламентын түүхэнд 2016 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ нь нийт парламентын гишүүдийн 17.1 хувь болж байна. Бид хүн амын 51.3 хувийг бүрдүүлдэг охид, эмэгтэйчүүдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг албан ёсоор байгуулсан.

Эмэгтэй гишүүдийн бүлэг дараах үндсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш, эмч нарынхаа хөдөлмөрийн үнэлгээг бодитой болгохыг зорьж ажиллаж байна.

Түүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлуудад анхаарна. Дээрээс нь, Ахмадын асрамжийн газрын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ОУБ-уудтай хамтрах зэргээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Мөн энэ хүрээнд эмэгтэй гишүүдийн бүлэг ‘Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр аян өрнүүлж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах эхлэлийг тавьсан.

-Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог та яаж харж байна вэ?

-Хорвоо ертөнцийг үр хойчдоо таниулах, эх дэлхийгээ хайрлах, ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх үүрэг ээжүүд,  эмэгтэйчүүд бидэнд байгалиасаа олгогдсон өгөгдөл. Энэ утгаараа НҮБ-аас дэвшүүлэн тавьсан тогтвортой хөгжлийн  зорилтуудыг хэрэгжүүлэхэд  эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал. Тогтвортой хөгжил гэдэг маань байгаль нийгмийн зүй зохистой харьцааны л асуудал. 

Хүмүүс нь байгалиа хайрладаг, байгалиараа дамжаад нийгмээ, нийгмээрээ дамжаад хүнээ хайрлах гинжин холбоог л хэлээд байгаа юм.

Тиймээс охид, эмэгтэйчүүдээ, ээжүүдээ зөв төлөвшүүлж амьдралд бэлдсэнээр тэд үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, монгол улсын ирээдүйд эх оронч, хүнлэг, иргэдийг бэлдэнэ. Эдийн засагт суурилсан хөгжлийн боддогоос илүүтэйгээр, хүний хөгжилд суурилсан хөгжлийн бодлогыг чухалчилж, хүнээ хөгжүүлсэн улс орон хөгжиж байгааг бид харж байна.

-Манай улс хүнээ хөгжүүлэхэд суурилсан хөгжлийн бодлого гэдгийг чинь мартчихсан. Ерөөс манайд хөгжлийн бодлого гэж байгаа юм уу?

-Хөгжил гуравхан шалгуураар л хэмжигддэг. Хүний хөгжил, хүний амьдралын чанар, хүний амьдрах орчны чанар. Бид хөгжлийнхөө экологийн хонгилыг тодорхойлох хэрэгтэй. 

Хөгжил гэдэг орчныхоо нөлөөллийг дааж  гарах л асуудал. Ингэж чадвал даацтай хөгжлийг бий болгож чадна. Манай орны хувьд цэлгэр уудам газар нутагтай, байгалийн баялгийн асар их нөөцтэй, 65 сая малтай, 3.2 сая хүн амтай улс.

Хоёр үндсэн том баялагтай. Нэг нь эргэж нөхөгдөхгүй байгалийн баялаг, нөгөө нь жилээс жилд 5-10 саяар өсч үрждэг мал сүрэг.

Гэтэл бид өнөөг хүртэл газрын баялгаа шүтсээр, эх орон газар дэлхийгээ хаа сайгүй онгичиж, ухаж зарж амьдарч байна. Үр өгөөжийг нь хаана, хэн хүртээд байна вэ. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульдаа тунхагласан.

Гэтэл хөрөнгөтэй, мөнгөтэй, сүүхэйтэй хэд нь газрын баялгаар хөлжөөд хүн амын маань илүү хувь нь хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байна. Улсын хөгжлийг тодорхойлох гол шалгуурын нэг хүний амьдралын чанар дордсоор байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Бид эдийн засгаа тэдэн хувь өсгөнө гэж төлөвлөхөөс илүүтэй тэдэн жилийн дараа хийж болсон байна гэж төлөвлөж, тэр чиглэлдээ залуучуудаа сургаж, боловсруулж, дэлхийд өрсөлдөх монгол инженерүүдийг, эрдэмтдийг бэлдэх хэрэгтэй байгаа юм.

Түүхий эдийн асар их нөөцтэй мал аж ахуй, түүнээс гарах арьс шир, ноос ноолуураа дэлхийн зах зээлд үнэд хүргэх чиглэлийг баримталж, дэлхийн чанар стандартад нийцсэн боловсруулалт хийж чадах үйлдвэртэй болох нэн тэргүүний зорилтоо тавимаар байна.  Дэлхийд технологиороо тэргүүлдэг, бүтээгдэхүүний чанар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг үйлдвэрийн салбарыг байгуулах боломж, нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.

-Үнэхээр малынхаа арьс ширийг торго шиг боловсруулаад дэлхийн зах зээл дээр брэнд болгочихвол гайхалтай хэрэг. Хөгжлийн саад тушаа нь юундаа байна вэ?

-Хэт их улстөржилт. Хэн нэг хүн зөв зүйтэй бодлого, асуудал ярьвал надаас, манайхаас илүү гарчих вий гэсэн тамын тогооны үлгэр л биднийг хойш нь татсаар байна. Хэрэлдэж талцаж суухын оронд хэлэлцэж нэгдэж чадвал бүх салбараа өөд нь татаад хөгжүүлээд явах бүрэн боломж бий.

-Улс төрчдийн хэрүүл савнаасаа халиад эхэллээ. Бүр өс хонзонгийн шинжтэй улс төр хийдэг болсон байна шүү дээ?

-Улс төрд байгаа зарим нэг хүмүүсийн үг хэл яриаг сонсохоор заримдаа сэтгэл эмзэглэх юм. Би ажил хэргийн шугамаар олон залуустай уулзаж, өнөөгийн бодит байдлын талаар ярилцдаг. Ингэхдээ улс төр бол мэтгэлцээн маргааны талбар болохоос хэрүүл уруул, өш хонзонгийн талбар биш ээ гэдэгт байнга л санал нэгддэг. М

артах ёстойг нь мартаж, уучлах ёстой бол уучлан өнгөрөөж сурах ёстой шүү гэж захидаг.

Сонгуулийн үед бие биенээ үгүйсгэх үзэл бодлын зөрөлдөөнөөр маргах мэтгэлцэх бол байдаг асуудал. Улс төрчид улс орныхоо төлөө бол бие биеэ дэмжиж хурцалж, олон түмэндээ тус дэм болж л явах учиртай.

-Сүүлийн үед улс төрчид янз бүрийн асуудалд нэр холбогдох боллоо. Та олон жил парламентад суусан улс төрчийн хувьд юу бодож сууна?

-Иргэд, залуучууд маань сурч боловсорч, хөгжин дэвжих цагаа нийгмийн сүлжээнд хэт их зарцуулах болсон байна. Интернетэд тавигдсан үнэн худал нь мэдэгдэхгүй хийсвэр мэдээлэлд хэт автамхай болж өөрийн бодол, сэтгэн бодож, аливаад бодит дүгнэлт хийх чадваргүй болж байгаад эмзэглэж байгаа. Бид хүчирхэг залуу үеэ чадавхжуулж, хүсэл тэмүүллийг нь зөв чиглүүлж, төлөвшүүлэхэд онцгой анхаарах цаг болсон. Тиймээс залуучууд та бүхнийгээ сурч боловсрох, бие биетэйгээ нүүр нүүрээ харж амьд харилцаа үүсгэн ярилцахад илүү их цаг зарцуулж, бодит амьдралын үнэнтэй нэгдээсэй гэж хүсч байна.

Ярилсан Н.Пунцагболд