Б.Дэлгэрсайхан 2018.01.23 | Сайт: Vip76.mn

Б.Дэлгэрсайхан: Замын-Үүдэд үл хөдлөх хөрөнгийн байцаагч томилож өгөөч

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.23) Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар эхлээд хэлэлцсэн юм.

Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Замын-Үүд сумын иргэн болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн асуудлыг хөндсөн юм. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Манай улс хүнээ бүртгэж чадаж байна уу? Жишээ нь Дорноговь аймгийн Замын-Үүдэд байнгын оршин сууж байгаа 17-18 мянган иргэн, түр оршин суудаг 30-аад мянган иргэн байгаа. Оршин суугчдын ихэнх нь босоо удирдлагатай томилгоотой албан хаагчид, Гааль, мэргэжлийн хяналт гэх мэт. Энэ хүмүүс орон нутагтаа бүртгүүлдэггүй. Хаана бүртгэлтэй нь мэдэгдэггүй.  Үүнээс болоод юу үүсдэг вэ? Гэхээр эмнэлэг, цагдаа, сургуулийн үйлчилгээний ачаалал дийлдэггүй. Замын-үүдэд 3 дунд сургууль ажиллаж байгаа мөртлөө хүүхэд нь багтахгүй байгаа юм. Энэ хуулиар шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ямар өөрчлөлт оруулах вэ?

Хоёрдугаарт Замын-Үүдэд үл хөдлөх хөрөнгийн байцаагч томилж өгөөч гэж Р.Содхүү даргаас жил  гуйсан. Энд аймгийн төвөөс давсан хүн амтай, иргэд нь үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлж чаддаггүй, барьцаалж зээл авч чаддаггүй. Бүртгүүлэхийн тулд аймгийн төв рүү 100 гаруй мянган төгрөгийн зардал гаргаж явдаг гэх зэрэг хүндрэлүүд байдаг. Эсвэл заавал гуйж, сөгдөх ёстой юмуу.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү хариулт өгөв

Өнөөдөр аль ч сум дээр үл хөдлөх хөрөнгийн байцаагч байхгүй байгаа. 21 байцаагч нэмж хүсэлт төсөвт тусгаж оруулсан. Гэвч орон тоо нэмэхгүй, өмнөх жилийн төсвийг нэмэхгүй гэсэн хариулт өгсөн.

Энэ 21 хүнийг томоохон сумдад тавих гэж бодсон ч чадаагүй. Манай  газарт үл хөдлөх хөрөнгийн байцаагч хүрэлцэхгүй байгаа.  Өнгөрсөн жил үлд хөдлөх дээр нэмэгдээд хөдлөх хөрөнгийн бүртгэл манай дээр нэмэгдсэн. Бид нэг ч орон тоо нэмээгүй, өөрсдийнхөө хүчээр энэ ажлуудыг хийж байгаа. Таны санал бол зөв, бид дэмжиж байгаа. 

Бүртгэлийн тал дээр манай байгууллага маш сайн бүртгэж байгаа, ганцхан иргэд өөрсдөө бүртгүүлэхгүй байгаа. Шилжиж байгаа, гэвч шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэхгүй байгаа. Тиймээс энэ хуулийн төсөлд сайн тусгасан байгаа.