Тэтгэврийн насыг иргэн өөрөө сонгоно
2018.02.01

Тэтгэврийн насыг иргэн өөрөө сонгоно

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн 1 дүгээр сарын 30-нд Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн.

Нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулиудад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмж, 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь дээрх тооцоололтой харьцуулахад гурав дахин өндөр байхын зэрэгцээ монгол хүний дундаж наслалтын өсөлттэй нийцэхгүй байгаа аж. Энэ нь тэтгэвэр тогтоолгох нас ойртож, хүлээлт үүссэн даатгуулагч иргэдийг бухимдуулаад байгаа билээ. Харин Засгийн газар ОУВС-тай дахин хэлэлцээрт орж тэтгэврийн насыг хуучнаар үлдээхээр тохиролцсон юм.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна.

Өнөөдрийн мөрдөж буй хуулиар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож байгаа.  

Харин өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгажээ.

Хуулийн төслийг НББСШУ-ны байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулав.

Тус байнгын хороо хуулийн төслийг 2018 оны 1 сарын 31-ний өдөр хэлэлцжээ. Тус байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэхийг 90.9 хувиар дэмжжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, О.Содбилэг, М.Билэгт, Ж.Энхбаяр, Б.Баттөмөр нар үг хэллээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнхи нь дэмжсэн юм. Ингэснээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.