Ё.Баатарбилэг Ц.Цогзолмаа Д.Гантулга 2018.02.01 | Телевиз: МҮОНТВ

НББСШУ-ны байнгын хорооны гишүүд спортын салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Өчигдөр НББСШУ-ны байнгын хорооны гишүүд төрийн ордонд спортын салбарын төлөөллийг хүлээн авч, уулзсан байна. Тэд салбарт тулгамдаж байгаа асуудал болон цаашид нэгдсэн нэг бодлоготой ажиллах талаар ярилцлаа.

Уулзалтад Монголын үндэсний олимпийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар, Улаанбаатар хотын клуб, Орон нутгийн спорт хорооны төлөөлөл гээд 80 гаруй хүмүүс оролцлоо. 2018 онд Биеийн тамир, спортыг хөгжүүлэх санд 2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг юунд, хэрхэн зарцуулах талаар спортын салбарын төлөөллийн саналуудыг сонслоо.

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг: Спортын салбарт тулгамдаж буй асуудал,  хууль тогтоох байгууллагын хүрээнд юунд анхаарах хэрэгтэй вэ зэрэг асуудлын талаар ярилцаж байна. Мөн Засгийн газар, холбогдох яам, тамгын газрын албан тушаалтнууд ирсэн байна. Тэр талтай холбоотой хүнд суртал, хариуцлагагүй байдал, ямар асуудлууд бий болоод байгааг дэлгэрэнгүй ярьж, газар дээр шийдвэрлэх боломжтой асуудал байвал шийдвэрлэж, Засгийн газарт чиглэл өгч, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой байна.