Ж.Энхбаяр Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнэ Т.Аюурсайхан 2018.02.12 | Сайт: Politik.mn, Телевиз: Рояаль телевиз

УИХ-ын нэр бүхий гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлаар асуулт тавилаа

Эрдэнэтийн 51 хувийг өрөнд алдахад хэн нөлөөлсөн, 100 сая долларыг хэн төлөх вэ гэдэг маргаан улстөрийн орчинд халуунаар өрнөж эхэллээ. 

Тэгвэл Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Энхболд нарын таван гишүүн мөн уг асуудлаар Ерөнхий сайдад хандлаа. Гэхдээ асуулга бус асуулт хүргүүлж байгаа аж. Энэ нь Засгийн газар богино хугацаанд хариу өгөх ёстой гэсэн үг юм.

Ж.Энхбаяр: Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хамгийн хүнд цаг үед улс орныг нуруундаа үүрч явсан стратегийн томоохон орд нь ард түмний өмч тул энэ өмчийг барьцаалсан, үүнтэй холбоотой их хэмжээний зээлийн холбоотой мэдээллийг ард түмэн мэдэх эрхтэй. Үүнд ямар нэгэн албан тушаал ашигласан гэм буруутай үйлдлүүд тогтоож байгаа бол холбогдсон, оролцсон улстөрчид, төрийн албан тушаалтнууд, улсын үйлдвэрийн газрын захиралууд хариуцлагаа хүлээх ёстой. 

Х.Нямбаатар: Тодорхой нэг асуудлаар маш богино хугацаанд Засгийн газар гишүүдийн асуултанд хариулт өгөх хуультай. Эрдэнэтийн 51 хувийг Өмнөд Африкын стандарт банкинд барьцаалсантай холбоотойгоор үүргийн гүйцэтгэлээ хангаагүйн улмаас Арбитрын шүүхээс шийдвэр гаргаж хүү, алданги тооцогдож явж байгаа. Өдрөөд тооцогдож байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс асуулга тавьж цаг хугацаа алдахыг хүссэнгүй. Богино хугацаатай асуулт гэдэг зүйлийг УИХ-ын гишүүд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тавьж байна.

Т.Аюурсайхан: Өнөөдөр УИХ-ын гишүүд хүртэл тодорхой мэдээлэл, ойлголтгүй явж байна. Энэ зээл яг бодит байдал дээр хэр хэмжээтэй, хэн баталгаа олгосон, ямар дансаар орж гарсан, ямар зориулалтаар ашиглагдсан, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, олон улсын шүүх дээр ямар шийдвэрүүд гарсан, яаж хэрэгжиж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгаас хэдэн төгрөг зээлд төлөгдөж байгааг мэдэх ёстой. 

Л.Оюун-Эрдэнэ: Албан тушаалтны хэрэгтэй холбоотой асуулт байвал сэтгүүлчид бидэнд тавьж болно. Тэгвэл бид УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хэмжээнд асуулт эсвэл асуулгаар бэлэн материалуудыг та бүхэнд өгөөд бодитой мэдээллийг хамтдаа ярьж, нийгэмд хардлага үүсгээд байгаа асуудлуудыг цэглэж явах нь парламентын тогтолцооны нэг чухал зүйл. 2018 оны Засгийн газар хариуцлагын жил болсон гэж зарлаж байна. Гэхдээ бидний зүгээс хариуцлага гэдэг бол үг биш үйлдэл байх ёстой. Авилгалтай холбоотой олон гэмт хэргийн шинж чанартай асудлууд гарч ирээд, хэн ч шийтгэл хүлээхгүй өнгөрдөг.