Амгаланбаатар.Х 2018.02.13 | Сайт: МҮЭХ-ны албан ёсны сайт

МҮЭ-ийн холбооны шинэ зууны анхны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналын эзэд тодорлоо

МҮЭ-ийн холбооны шинэ зууны анхны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналын эзэд тодорлоо

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан иргэд, хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн 10 хүнд МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал хүртээлээ.

Шагналыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа нар гардуулан өглөө.

Шагнал гардуулах ёслолын үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлсэн үгэндээ “Өнгөрч буй тахиа жил Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ой, Ээлжит XXII Их хурал хуралдсан гээд түүхэн үйл явдлаар арвин баялаг сайхан жил болж өнгөрч байна.

Энэ удаагийн “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналын эзэд бол МҮЭ-ийн холбооны шинэ зууны анхны шагналтнууд гэдгээрээ онцлогтой юм. Ингээд хөдөлмөрчин хүний төлөөх ариун үйлстэн Та бүхэндээ болон гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Цалин цагаан мөнгөөр урласан “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн ҮЭ-ийн хорооны дарга, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Х.Ганболд, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Р.Чимэдбазар, Төв аймгийн ҮЭ-ийн холбооны зохион байгуулагч, багш арга зүйч Ж.Энхээ, Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн газрын ҮЭ-ийн хорооны дарга, багш арга зүйч, аймгийн ҮЭ-ийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Рэнцэндаш, “Шарын гол” ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга, ЭХГУУҮЭ-ийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Жамъянжав, “Петровис” ХХК-ийн ШТС-ын эрхлэгч, ҮЭ-ийн хорооны дарга, ТХГТ-ны ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Д.Цоож, Нэгдмэл ҮЭ-ийн холбооны ахлах зохион байгуулагч Ж.Долгорсүрэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ҮЭ-ийн холбооны дарга Н.Балжинням, “Байгууламж-Од” ХХК-ийн борлуулалтын менежер, ҮЭ-ийн хорооны дарга Б.Цэрэндулам нарыг тус тус шагналаа.