Баасанхүү.О 2018.02.26 | Телевиз: МН25-р суваг

О.Баасанхүү: Би том намуудын захиалгаар яваагүй, жирийн гишүүдийн хүсэлтээр шинэчлэл хийх гэсэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 25-р суваг телевизийн Тодруулга буланд оролцож МАХН-ын талаар ярилцлага өгчээ.

-Танай намын их хурал саяхан болж, намын шинэ даргаа сонголоо. Та намын даргад өрсөлдөж байсан хүний хувьд хүлээн зөвшөөрөх үү? Асуудал цаашдаа яаж үргэлжлэх вэ?

-Намын даргаа сонгоогүй шүү дээ. Огцорсон тогтоолыг л хүчингүй болгосон гэж ойлгож байна. Сонгож байгаа бол өрсөлдүүлэх зарчмаар явах ёстой. Нэг ч өрсөлдүүлээгүй. Бага чуулган хуралдаж их чуулганыг зарладаг. Бага чуулган хуалдаагүй.

-Та намын удирдлагуудтайгаа тэрсэлдсэнээрээ  өөрөө намаасаа хөөгдсөн юм уу? Таны зохион байгуулсан хурлыг ч мөн хууль зөрчиж, намын тамгыг хулгайлгаар ашигласан гэж Эрүүгийн хариуцлага хүлээх асуудал үүссэн юм уу?

-Ямар ч эргүүгийн хариуцлага байхгүй. Шалгаад тийм зүйл байхгүй гэдгийг тогтоосон. Намын удирдлагатай тэрсэлдэж байгаа юм биш. МАХН 8 жил намын их хурал хийгээгүй. Тиймээс манай намын эгэл жирийн гишүүд намын шинэчлэлийг хийе гэж үзсэн.

-2 удаа намын их хурал хийгээд, хоёул нэгнийгээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа асуудал дээр дээд шүүхээс эцсийн хариу өгөх үү?

-Дээд шүүх бол зүгээр бүртгэх үүрэгтэй байгууллага. Бид шүүхэд материалуудаа бэлэн болгоод өгөх гэж байна. Бидний энэ материалыг өгөхөөс өмнө улсын дээд шүүхээс ямар нэгэн байдлаар нөгөө талд шийдвэр гаргах гэж байгаа бол энэ нь маш аюултай үзэгдэл болно. МАХН-ын гишүүн болох 80 орчим ахмадууд гарын үсэг зурсан. Тэд өлсгөлөн зарлана гэж байна. 

-Таныг том намуудын захиалгаар бужигнаан үүсгэж байна гэсэн хардлага явж байна.

-Том намууд гэж МАН, АН-ыг хэлж байна уу? 

-Хувьсгалт намыг задалж, ХҮН нам шиг байхгүй болгох гэсэн явуулгыг таныг давхар хийж байна гэх яриа байна?

-Олон түмэн харсан. МАН, АН-ынхан өөрсдөө пялдагадаж, мэндчилгээ дэвшүүлээд гүйгээд байсан. Асуудлын гол нь МАН, АН-ынхан МАХН-ыг хуулийн хүрээнд шинэчлэл хийх гэж байхад нь саад болж байна. Боломж байдаг бол намайг ордноос гаргах сонирхолтой хүмүүс. Ийм хүмүүс юу гэж намайг дэмжих вэ дээ. 

-Таныг намаасаа хөөгдсөн гэдэг асуудал яригдаж байна. МАХН парламентад суудалтай нам уу үгүй юу гэдэг дээр эргэлзээтэй байдал үүслээ. 

-Би МАХН-аас сайн дураараа гарч болно. Намын гишүүд харин гарч болохгүй гэж ярьж байна. Би хувь хүнийхээ хувьд ч тэр, улстөрийн шийдвэр гаргасан хүнийхээ хувьд ч тэр аль нэгэн хүнийг хөөлөө гээд явдаг хүн биш. 

-МАХН таны хөөсөн тохиолдолд та хоёр том нам руу гишүүнээр шилжиж орох магадлал байгаа юу?

-Хөөсөн гэж яриад байх юм аа. Хөөх гэдэг хууль байхгүй. Ажлаас хөөнө гэж ярьдаггүй шүү дээ. Хөөх гэдэг нь коммунист сэтгэлгээний үг.

-Намдаа хэвээрээ үлдэнэ гэж ойлгож болох уу?

-Намдаа хэвээрээ байж л байна. МАХН-ын 100 жилийн ой 2021 онд болно. Өчигдөр болсон намын золголтоор энэ тухай ярьсан.

-Гишүүний суудлын мөнгийг намын санхүү хурааж авч байгаа юу? Та өөрөө захиран зарцуулах эрх байгаа юу?

-Сангийн яамнаас бид лавлагаа авсан. 2012 оноос хойш МАХН 700 орчим сая төгрөг авсан. Зөвхөн 2016 оноос хойш 240 орчим сая төгрөг авсан. Бидний хувьд тойрог руугаа өгөх ёстой мөнгийг тойрогт нь зарцуул гэдэг шаардлагыг тавьж байна. Тэр бол миний мөнгө биш шүү дээ.