О.Баасанхүү: Монголын өмч Хятадын эзэмшилд очих гэж байна
2018.03.12

О.Баасанхүү: Монголын өмч Хятадын эзэмшилд очих гэж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цөөн хором ярилцлаа.

-МОНГОЛ ТӨРИЙГ 200 ГАРУЙ ТЭРБУМЫН ӨРӨНД ОРУУЛЧИХААД “БИ 461 РҮҮ 
АЛХАХАД БЭЛЭН” ГЭЖ ТОМРООД СУУЖ БАЙЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ-

-Сүүлийн үед Эрүүгийн хуультай холбоотой худал үнэн маргаан явах боллоо. Тухайлбал, 14 настай хүүхдийг хүчиндсэн бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэх заалт яригдаад байна. Та хуульч хүний хувьд энэ асуудал дээр тайлбар өгөхгүй юү?

-2016 онд Эрүүгийн хуулийг бүхлээр нь шинэчлэхээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахлаад оруулж ирсэн. Би УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулаад, энэ байгаа бүх заалтыг нь шүүмжилж байсан. Яагаад шүүмжлэх болов гэхээр зөвхөн 14 настай хүүхдийн асуудал дээр битгий акцент өг. Яагаад гэвэл хуулийн 12.5-т /Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийг жирэмсэн болгосон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ гэж байгаа. Энэ нь маш бага ялтай гэсэн үг л дээ. Мэдээж хуулийн хариуцлага хүлээлгэхийн хувьд хүлээлгэнэ. Гэхдээ дэндүү хөнгөрүүлсэн заалттай байгаа шүү.

-Шинэ Эрүүгийн хуульд таны зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа олон асуудал бий гэсэн үг үү?

-Мөн ажлын байрны бэлгийн дарамт гэдэг заалт Эрүүгийн хуульд байхгүй болсон. Эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш болсон. Садар самуун үйл ажиллагаа явуулахад биеэ үнэлэх орон байраар хангах нь гэмт хэрэг байсан. Одоо гэмт хэрэг биш болчихоод байна. Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндсэн бол шүүгч хоёр жилийн ял өгөхөд буруутгах хэрэггүй. Учир нь хуулиндаа 1-5, 2-8 жил гэж заасан байгаа.

Энэ нь шүүгч заавал найман жил өгөхгүй ч байсан болно гэсэн үг болчихож байгаа юм. Хуулийн цоорхойг далимдуулж хулгайч, гаж донтонгууд эрээ цээрээ алдаж байна. Би бас өөр жишээ хэлье. Хар тамхины хэргийн ялыг хөнгөрүүлчихсэн байна.

Дэлхий дээр хар тамхины гэмт хэргийн ялыг хөнгөрүүлсэн улс манайхаас өөр байхгүй. Үүнийг ярихаар нөхдүүд Англи, Америкийн асуудал яриад байдаг л даа. 120 сая, 300 сая хүн амтай улстай бид өөрсдийгөө харьцуулаад яах вэ дээ. Тэрбум хүнтэй улс хар тамхины хэргээр цаазын ял сонсгож болоод байхад бид яагаад гурван саяулханаа мөртлөө хар тамхины хэрэг дээр толгойг нь илээд байгаа юм бэ. Хуулийн заалтуудыг харах хэрэгтэй.

-“Эрдэнэт”-ийн асуудал голлох сэдэв болж байна. Д.Сугарын гарын үсгийг хуурамч гэх мэдээлэл яваад эхэллээ. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Д.Сугарын гарын үсэг хуурамч уу, үгүй юу гэдгийг би тогтоохгүй шүү дээ. Ш.Батхүү 2013 онд хуурамч болохыг нь тогтоосон гээд байгаа. Асуудлын гол нь гарын үсэг хуурамч уу, жинхэнэ үү гэдэгт байгаа юм биш. Асуудлын гол юунд байгаа вэ? Өнөөдөр 109 сая ам.доллар төлөх үйл ажиллагаанд яагаад хяналт тавьж ажиллаагүй юм бэ гэдэг л хамгийн чухал асуудал юм.

Төрийн банкинд хүртэл өртэй байгаа шүү дээ. Мөн олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэрээр гарын үсгийг хуурамч биш гэж тодорхойлоод, биднийг өртэй болгочихоод байгаа. Монгол төрийг 200 гаруй тэрбум төгрөгийн өрөнд оруулчихаад “Би 461 рүү алхахад бэлэн” гэж томроод суугаад байж болохгүй л дээ.

Тиймээс бүх зүйлийг шалгах ёстой. Шалгахдаа тухайн үеийн Ерөнхийлөгч байсан хүнээсээ эхлээд Ерөнхий сайд байсан хүнээр нь дамжуулаад дээрээс нь доош шалгана уу гэхээс нэг тодорхойлолт тойроод асуудлыг шийдвэрлэнэ гэвэл жинхэнэ үнэн олдохгүй ээ. Би 2013 онд “Сөүлийн гудамж” гээд байгааг “Авлигачдын гудамж” хэмээн нэрлэе гэж сэтгүүлчидтэй тэндээс АТГ хүртэл алхаж байхдаа хэлж л байсан. Байшин болгоны цаадах өмчлөл, зөрчлийн талаар би хэлж байсан. Энэ мэтээр аливаа асуудлыг ярьж, дэлгэх бүр зүгээр л орхиод байвал ямар ч үр дүнгүй л дээ.

-ЯАГААД НЭГ УЛС ТӨРЧИЙН БУРУУ ШИЙДВЭРИЙН УЛМААС АРД ТҮМЭН 
МӨНГИЙГ НЬ ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМ БЭ-

-Хятадын эзэмшилд очих нь гэсэн болгоомжлол үүсээд эхэллээ?

-Монголын өмч “Эрдэнэт” үйлдвэр барьцаагаар дамжаад өнөөдөр Хятадын эзэмшилд очих гэж байна. 2013 онд 49 хувь зарагдлаа гээд байхад зургадугаар сарын 29 хүртэл хэн ч итгээгүй шүү дээ. О.Баасанхүүгийн сонгууль л гэж харж, намайг худлаа ярилаа гэсэн. Ард түмэн буруутай юм шиг тэр өрийг нь төлөх юм шиг яриад байж болохгүй л дээ.

Тиймээс яригдаж байгаа бүх хүнийг шалгаж, буруу зөвийг нь шүүх ёстой. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр барьцаанд орсон уу орсон. Энэ үйлдвэрийн хувь заяа маш хүнд болчихлоо гэж 51 хувийн асуудал дээр ч гэсэн би дуугарч байна. Тэр их мөнгөтэй хүмүүсээр нь төлүүл л дээ. АТГ тэр хүмүүсийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг харсан л байлгүй. Яриад суугаад байх юм уу, өөрчлөх ёстой юу гэдэг асуудлаа одоо ярих цаг нь болсон.

-"Жаст"-ын Ш.Батхүү олон компанитай байсан. Тухайн үед хөрөнгийг нь хурааж байсан. Хөрөнгийг нь дуудлага худалдаагаар оруулаад МТ-г хүртэл худалдсан байдаг. Энэ хөрөнгө хаачсан юм бол?

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн ч хураагаагүй. Хөрөнгө хураана гэдэг чинь шүүхийн шийдвэрээр хохирол тогтоогоод, тогтоосон хохиролд нь авдаг. Тэр хүний компанийг татан буулгаагүй. Тиймээс компаниа хэндээ шилжүүлэх нь өөрийнх нь эрх. Яагаад гэвэл гэм буруутай нь тогтоогдоогүй учраас тэр. Төрийн банкийг Хадгаламж банктай нийлүүлсэн.

Бусад хөрөнгөө хаашаа шилжүүлсэн бэ гэдэг нь тухайн компанийн асуудал. Харин нууцалсан зүйлийг шалган тогтоох үүрэгтэй. 170 сая ам.доллар бага мөнгө биш. Дээр нь тухайн үеийн Сангийн сайд хэн байсныг тогтоох хэрэгтэй. Миний олсон мэдээллээр Монголбанкны захирал Б.Баяртсайхан, С.Баярцогт хоёр байсан гэж ойлгож байгаа. Сангийн яам 170 сая ам.долларын гүйлгээг хараагүй, мэдээгүй байна гэдэг харамсалтай. Тэгэхээр энэ бүгдийг олох ёстой.

-Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” их хэмжээний гүйлгээ хийдэг байсан учраас энэ мөнгө дансанд орсныг анзаараагүй гэх тайлбар өгсөн байдаг. Тийм байж болох уу?

-Тэдний тайлбар гол биш шүү дээ. 172 сая төгрөг биш 172 сая ам.доллар. Энэ бол ард түмэнд их мөнгө. Яагаад нэг улс төрчийн буруу шийдвэрээс болоод ард түмэн мөнгийг нь төлөх ёстой юм бэ. Төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Өнөөдөр “Эрдэнэт” цагаан тоосноосоо салж чадахгүй байна. Эд нар хулгай хийгээгүй бол эздийн сангийн мөнгөөрөө, эсвэл ашгаараа цагаан тоосоо янзалж болох байсан.

Гэтэл татгалзахаас өөр аргагүй боллоо гэж байсан. Өөрсдөө л баян болоод байгаа шүү дээ. Өнөөдөр Багшийн дээдээс урагшаа баригдсан байшингуудыг газар авсан түүхтэй нь судлаад үз. Драмын театрын хажууд гэхэд л MCS байгаа. Хажуугийнх нь “Болор мэлмий” гээд эмнэлгийн байшинг “Макс” авсан. Яаж авсан юм. Цаашаагаа “Модун” гээд байшинд Техник мэргэжлийн коллеж байсан санагдаж байна. Тэр яаж зарагдчихав. Ингээд цаашаа явах тусам “Хэрлэн плаза” гээд бий. Онцгой байдлын хашаан дотор Х.Болорчулуун гуай хадам аавтайгаа байшин барьчихсан.

Ингээд бүх талаар нь харахад газраасаа авахуулаад оруулсан хөрөнгөөр нь шалга л даа. Хуулийнхан хөдлөх ёстой. Газар болгоны түүхийг ухаад үзэх ёстой. Хотын дарга газар зарна ч гэж юу байх вэ. Ерөнхий сайд гэж хаан байлаа шүү дээ. Хаандаа мэдэгдэхгүй боол гэж байдаггүй юм. Энэ бүхнийг ичлээд гаргахад хулгайч нар шорондоо орохгүй юм гэхэд гадагшаа зугтаана шүү дээ.

Ц.ТАМИР