Н.Энхболд 2018.05.18 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр (2018.05.18) Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Төсөл санаачлагчийн танилцуулгад дурдсанаар хууль зүйн болон практик хэд хэдэн үндэслэл, шаардлагын дагуу “Орон нутгийн хамгаалалтын тухай” /анхдагч/ хуулийн төслийг 6 бүлэгтэй байхаар боловсруулж, хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараахь байдлаар тусгажээ. Үүнд:
Нэгдүгээр бүлэгт: Хуулийн зорилт, орон нутгийн хамгаалалтын тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааны зарчим, зэрэг нийтлэг асуудал; 
Хоёрдугаар бүлэгт: Орон нутгийн хамгаалалт, түүний зохион байгуулалт, үндсэн арга хэмжээтэй холбоотой зохицуулалт; 
Гуравдугаар бүлэгтОрон нутгийн хамгаалалтын нөөц, орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, орон нутгийн хамгаалалтын сургалттай холбогдох эрх зүйн зохицуулалт;
Дөрөвдүгээр бүлэгт: Орон нутгийн хамгаалалтын удирдлага, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт;
Тавдугаар бүлэгт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, үүрэг болон аймаг, нийслэлийн Засаг дарга, хуулийн этгээд, иргэний үүрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалт; 
Зургаадугаар бүлэгт: Орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээний санхүүжилт, орон нутгийн хамгаалалтын нууцлалт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацаа зэрэг харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тус тус хуулийн төсөлд тусгасан байна. 

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар иргэний “Эх орноо хамгаалах” Үндсэн Хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, улсын орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдах юм байна. 

Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, Хятад, БНСУ, Сингапур, Швейцарь, Израйль зэрэг газар зүйн байрлал, бүс нутгийн цэрэг-улс төрийн нөхцөл, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадал зэргээрээ харилцан адилгүй орнуудын хууль тогтоомжийг судлан үзэж, өөрийн орны онцлогт тохирсон, бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгохоор зорьжээ.