Болд.Л Гантулга.Д 2018.06.14 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөллөө

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх  тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан энэ талаар танилцуулсан юм.

 Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын даргад хандаж Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна. Тэрбээр ”Д.Гантулга би 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 42 дугаар тойргоос сонгогдон Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. Миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээн хүсэлтдээ дурдсаныг Улсын Их Хурлын дэд дарга танилцууллаа.

Асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.

Байнгын хороо 2018 оны 6 сарын 13-ны өдөр хуралдаж УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийлсэн юм.

Л.Болд: Хүн амын олохни нь эмэгтэйчүүд боловч парламентад цөөхөн ч гэсэн төлөөлөл нь сууж байна. Хүн амын 70 гаруй хувь нь залуучууд боловч парламентад төлөөлөл нь байна. Үндэстний цөөнхий төлөөлөл ч бий. Ардчилсан намын, МАХН-ын, сөрөг хүчний, бие даагчийн гээд энэ бүх цөөнхийн төлөөллүүд байж парламент байдаг. Одоогийн  өөрчлөлт оруулах гэж буй Үндсэн хуулиндаа дуулианыг далхимуулж, Үндсэн хуулийн тогтолцоог өөрчилж, цөөнхийн төлөөллүүдийг болиулах чиглэл рүү явбал монголын нийгэм маш том ухралдат орно. Ард түмэн хүсч байна гэж худал ярьж байна. Дэлхий нийтийн хандлага залуучуудаа дэмжиж байгаа. Залуучууддаа итгэл өгч шилдгийг нь гаргаж ирэхийн оронд дуулианаар далимдуулж тэдэнрүү нулимах эрх парламентад байхгүй шүү.

Ийнхүү ТББХ-ноос гаргасан саналын дагуу нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Д.Гантулга гишүүний хүсэлтийг хүлээж авах нь зөв гэж үзлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга тугандаа мөргөн, УИХ-ын даргатай гар барин гарсан юм.