Гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ
2018.06.13

Гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

 Хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулж утга агуулгыг шинэчлэхэд чиглэгдсэн байна.


Хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд:
  • УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн. 
  • УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эгүүлэн татах асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан.
  • Бусдын өмнөөс кноп дардаг буруутай үйлдлийг таслан зогсоож, төрийн түшээд "төгөлдөр хуурддаг" гажуудлыг засах заалт оруулсан. 
  • Хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болно. Төрийн албан хаагчийн адилаар хурууны хээгээр цагаа бүртгүүлж ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар зохицуулсан.
  • УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглах бөгөөд цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон заалт нэмсэн.

Төрийн байгууллагын албан тушаалтнууд УИХ-ын чуулганы хуралдаанд үнэн зөв мэдээлэл өгдөггүй, асуудлаа бүрэн мэддэггүй байдал ажиглагддаг. Холбогдох байгууллага албан тушаалтан УИХ-д үнэн зөв мэдээлэл өгөх ёстойг хатуу хуульчилсан. Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй бөгөөд хэрэв санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол энэ нь түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болно гэж үзсэн байна.

Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөж, тогтвортой ажиллах боломжоор хангана. Ерөнхий сайд, Засгийн газар, засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх өөрөөр хэлбэл ЗГ-ыг тогтвортой ажиллах боломжоор хангах тухай зэрэг хэд хэдэн гол гол өөрчлөлтүүдийг тусгасан байна.