Д.Сумъяабазар 2018.06.20 | medee.mn

Д.Сумъяабазар: Тавантолгой төслийг УИХ-д яаралтай дэгээр өргөн барина

Д.Сумъяабазар: Тавантолгой төслийг УИХ-д яаралтай дэгээр өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр  “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчмижүүлэх төслийг УИХ руу яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр боллоо. Тавантолгойн бүлэг ордыг эргэлтэд оруулснаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө, цаашлаад үүнийг дагаж дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх давуу талтай.

Тавдугаар сарын 28-нд УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн зургадугаар сарын 14-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төслийг танилцуулан дэмжлэг авсан. Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар яаралтай дэгээр хэлэлцэн шийдвэрлүүлэхээр боллоо” гэж тодотгосон юм.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Засгийн газраас Тавантолгой төслийг яг ямар хувилбараар хөдөлгөх шийдвэр гарсан бэ?

-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд тодорхой заасан. Тавантолойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Эрдэнэс Тавантолгой компани 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын 50 хувь. Үүний 10 хувь нь аж ахуйн нэгж, 20 хувь нь иргэд дээр, 20 хувийг нь дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэж тусгасан. Тиймээс үүнийг үндэслэн энэ хувилбараар явуулахаар боллоо. Дэлхийн нийтэд нүүрсний бизнесийг дэмжих хандлага багасч байна. Нүүрсний бизнесийг дэлхийн томоохон банкууд санхүүжүүлэхгүй байх тогтоол шийдвэрүүд гарсан. 

Ер нь Тавантолгойн нүүрсийг их хэмжээгээр экспортод гаргахын тулд  дэд бүтцийг яаралтай шийдэх, төмөр зам, авто зам, усан хангамжийн асуудлыг яаралтай шийдэх ажлуудыг тогтоолд оруулж байгаа. Зам тээвэр, Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэр, Сангийн яам, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойн мэргэжилтнүүд гээд 40-өөд хүн хамтраад төслийг боловсруулсан. Үүнд усан хангамж, уурхайн нөөцийн шинэчилсэн төсөл, уурхайн ТЭЗҮ-ийг шинэчлэх, баяжуулах үйлдвэрийн төслийг давхар бэлдэж байгаа. Тавантолгойн Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой Зүүнбаянгийн авто зам, Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын ТЭЗҮ-ийг тус тусад нь боловсруулж байна. Эрчим хүчний хэрэглээний эх үүсвэр дээр Тавантолгойн бүлэг орд дээр суурилан 450 мегабитын хүчин чадалтай цахилгаан станцын төслийг боловсруулж байна.

-Төсөл хэзээнээс хэрэгжиж эхлүүлэхээр төлөвлөж байгаа вэ.Хаврын чуулган завсарлахад хэдхэн хоног үлдчихээд байхад олон жил гацсан асуудлыг хэлэлцэж амжих уу?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил их хүлээлттэй байсан. Үе үеийн Засгийн газар л хөдөлгөх гэж хичээж ирсэн. Гэтэл улс төрийн шалтгаанаар дэмжээгүй, ажил хэрэг болж чадаагүй. Дотоодын ойлголцолгүй байдлаас болж Тавантолгой компани өрөнд орж, хүнд нөхцөлд ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар Тавантолгой компани өрөө дарж, тодорхой хэмжээнд ашигтай ажиллаж байна. Бид 10 жилийн гацааг 180 хоногт бэлдээд олон улсын хөрөнгийн зах зээл рүү гаргах ажлаа эхэлүүлнэ. Он дуутал бидэнд дахиад зургаан сарын хугацаа байна. IPO гэдэг бол засаглалаа сайжруулах, ил тод байх, Монгол Улсын нэр хүнд олон улсад өсөх, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх гээд маш олон эерэг үр дагаварыг бий болгоно гэж бодож байна. Энэ долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлөөр энэ асуудлыг оруулаад ирэх долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ.

-ҮАБЗ болон улс төрийн хүрээнд зөвшилцөл, ойлголцолд хүрсэн гэсэн үг үү?

-Ер нь шууд тэгж ойлгож болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Тавантолгой ордыг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах нь зүйтэй гэдгийг дэмжиж, нэгдмэл байр суурьтай  байгаа.   Ерөнхийлөгч Тавантолгой төслийг эргэлтэд оруулж, төрийн өмчит үйлдвэрийн газрыг ашигтай ажиллуулах, засаглалыг сайжруулах, төрд итгэх итгэл алдарсан ийм үед төрийн шийдвэр гарсан бол хэрэгжиж, эргээд ард түмнийхээ амьдралд хэрэгтэй, ажлын байр нэмэгдүүлэхэд оновчтой зөв шийдэлд хүрдэг гэдгийг харуулахыг хүсч байгаа.

-Тавантолгойн бүлэг ордын үнэлгээг хэрхэн тогтоож байгаа вэ?

-2010 онд хийсэн Үнэлгээгээр Тавантолгойн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллароор үнэлэж байсан. Нийт ордын нөөцийг 7.4 тэрбум тонны нүүрс гэж үзсэн. Үүний 5.1 тонн нь коксжих нүүрстэй гэсэн үнэлгээ гарсан. УИХ-аар хэлэлцүүлсний дараа олон улсын хөрөнгө оруулалтын банкуудтай уулзана. Эрдэнэс Тавантолгойг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахад ямар үнэлгээ өгөх вэ гэдгийг харна. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн бирж дээр бидэнд ямар үнэ, боломжийг санал болгох вэ гэдгийг харна гэсэн үг. Таван хөрөнгийн бирж тодорхой саналыг өгөөд байгаа. УИХ-аас эцсийн шийдвэр гарахаар Хөрөнгийн биржүүдтэй уулзах ажлыг яаравчилна.

-1072 хувьцааг эргэлтэд оруулах асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-1072 ширхэг хувьцаа шууд эргэлтэд ороод явна. Эхний ээлжинд бид 30 хувиа дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг гаргаад явна.

Г.ИТГЭЛ