Л.Болд Н.Учрал 2018.06.28 | Vip76.mn

Цахим бодлогын түр хороо ямар бодлого барьж ажиллах вэ?

Цахим бодлогын түр хороо ямар бодлого барьж ажиллах вэ?

Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Түр хорооны даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолын төлийг хэлэлцэж, баталлаа. 

26 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан тус хороо уржигдар анхны хуралдаанаа хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралыг түр хорооны даргаар нэр дэвшиж, гишүүдийн дэмжлэг авлаа. Түүнийг томилох үеэр УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асууж, Н.Учрал хариулт өглөө.

Л.Болд: Цахим бодлогын хороо ямар бодлого барьж ажиллах вэ?

"Одоо бол бид дэлхийн нэг хэсэг болсон. Одоо тэр Вашингтон пост сониныг загнаад, гүтгээд нэмэргүй. Тэгэхээр энэ УИХ-д байгаа хамгийн том бүтэц бол Цахим бодлогын түр хороо байгаа. Энэ хороо маань Монгол улсынхаа хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах ёстой. Одоо байгаа ололтоо улам баталгаажуулах бодлого бариарай, харин хумих, хасах бодлого барьж болохгүй шүү" гээд "Залуу хүнийн хувьд ямар бодлого барьж ажиллах вэ?" гэсэн асуулт асуусан юм. 

Түүний асуултад Түр хорооны даргад нэр дэвшигч Н.Учрал хариуллаа.

Н.Учрал:  Цаашид Монгол улс цахим бодлоготой болох шаардлага байна

Цахим бодлогын түр хороог байгуулах тогтоолын төслийг санаачлагчын хувиар ч, мөн тус тогтоолд түр хорооны чиг үүргийг тодорхой тусгасан байсан. Цаашид хууль, тогтоомжууд дээр ЦБТХороо тодорхой санал, дүгнэлтийг гаргаж байх ёстой. Ингэж байж тухай хууль цахим руу хэрхэн шилжих, ямар технологийг ашиглах юм гэдэг нь тодорхой болох юм. Тухайлбал, Эрүүгийн хууль дээр "зорчих хэсгийг хязгаарлах ял" гэж орж ирсэн ч технологийг нь шийдээгүй учраас хэрэгжихгүй байгаа. Тэгэхээр хууль дээрээ хүртэл дижитал шилжилтүүдээ хийх ёстой. Энэ нь цаанаа төрийн албыг илт тод нээлттэй, шуурхай болгох, мөн авилгаас ангид байлгахад чухал нөлөөтэй юм.