Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачилсан "Цахим бодлогын түр хороо" байгуулагдсанаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахиморчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах боломжтой болж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал: Цахим бодлогын түр хороо УИХ-ын тухай хуулинд зааснаар орж ирж байгаа хуулинд дүгнэлт гаргана. Энэ хуулийн хэрэгжилт, үр дүн гэх мэт. Өнгөрсөн хугацаанд хуулинд технологийн нэр томъёог хэрэглэхгүй ирсэн. 26 гишүүнтэй. Гэхдээ хурал явах уу? Ирц бүрдэхгүй хэцүү. Энэ олон дарга нар хуралдаа ирэхгүй. Байнгын хорооны гишүүдээсээ олон гишүүнтэй. Цахим бодлогы түр хороо танин мэдэхүйн мэдээлэл өгөхгүй. Ядаж анхан шатны мэдлэгтэй болоод орж ир. Чуулган дээрээ дэмжээд явах хэрэгтэй. Ажлаа мэдэж байгаа, ажил хийх хүмүүсийг энэ түр хороонд оруулах хэрэгтэй.
Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахим орчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах “Цахим бодлогын түр хороо”-г байгуулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Цахим бодлогын түр хороо байгуулагдаж байгаатай холбоотой энэ хороонд орох хүмүүсийн тоо гарсан уу? Албан ёсоор орох хүмүүсийн хүсэлт илгээсэн хүний нэг нь би. УИХ-ын гишүүн О. Содбилэг хариуллаа: Байнгын хорооны хурлаар бүтцийн тухай ярьсан. Түр хороо, Байнгын хороотой адил эрх эдэлнэ гэж хуулинд заасан байдаг. Хуулиар бол 10-19 хүний бүрэлдэхүүнтэй байна. Одоогоор хүсэлтээ ирүүлсэн гишүүдийн тоо 26 болсон. Намын бүлгийн удирдлагууд гишүүдээ сонгоод оруулбал зүгээр гэж ярьсан. Эцсийн хэлэлцүүлгээр түр хорооны гишүүдийн нэрс тодорхой болно.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2018,05,02/хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Цахим гэмт хэрэг өсөж байна гэсэн судалгаа бий. Хэдэн гэмт хэрэг бүртгэгдэж, хэдэн гэмт хэрэг шийдэгдэв. Ямар байгууллага хянаж байна вэ? Сүүлийн үед үндэсний Ая Ди хаягтай больё гэж байгаа энэ бол зөв. Үүнийг яаж хамгаалалттай хийх гэж байна вэ? Мэдээлэл аюулгүй байдлын хууль гээд яригдана. Судалгаа хийгдэж байгаа юу? Ажлын хэсэг: Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Кибер гэм хэрэгтэй тэмцэх хэлтэс гурван чиглэлээр ажиллаж байна. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах, хор хөнөөлтэй программ тараах гэсэн чиглэлээр ажиллаж байна. Цахим гэмт хэрэг 2014 онд 14, 2015 онд 35, 2016 онд 136 , 2017 онд 362 энэ оны 1-р улиралд 86 гэмт хэрэг бүртгэгдсэн үүний 35 ын шалгаж байна.
Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асуулаа. Г.Тэмүүлэн: Бид цахимыг асуудал дээр тодорхой хэмжээнд засаглал талаасаа зөв тогтолцоог бий болгох шаардлага байна. Цахим бодлого гэдэг бол маш өргөн цар хүрээтэй асуудал. Яг тодорхой зорилго, чиглэлтэй, тодорхой үр дүнтэй байх хэрэгтэй. 1 жил гэдэг бол урт хугацаа биш. Энэ хугацаанд бидний хийх ажил энэ гээд нэг л том ажлыг барьж авах хэрэгтэй. Цахим гэдэг том сэдвийн бүх асуудал руу орно гэвэл 1 жилийн дотор "живнэ". Засгийн газрын зүгээс Мэдээллийн харилцаа, холбооны газар, агентлагуудын зүгээс хийж байгаа зүйлс бий. Түр хороо байгуулагдлаа гээд гүйцэтгэх засаглалын хийх ажлыг өмнөөс хийдэг биш байгаасай гэж бодож байна. Бидний дунд нэн тулгамдаж байгаа асуудал бол нийтийн сүлжээний асуудал. Магадгүй энэ асуудлаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө нэг жилийн дотор ажлаад, асуудлыг гаргана гэвэл зүйтэй. Үр дүн нь тодорхой байгаасай л гэж хүсэж байна. Цахим орчинтой холбоотой эрх зүйн орчин хангалтгүй байгаа гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Агентлагийнхан ч гэсэн Нийтийн сүлжээний тухай төслийг боловсруулж байгаа гэж байна. Цахим орчинд хариуцлагын тогтолцоог бий болгох ёстой. Агентлагаас "Хур" гэдэг цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохоор ажиллаж байна. Гэтэл төсөв яригдах үеэр үүн дээр бараг мөнгө тавиагүй. Энэ хүрээнд асуудлыг ярьж болно. Нийтийн сүлжээний хуулийн хүрээнд цахим орчноос хүүхэд хамгааллын асуудал хүндэрч байна. Гэр бүлийн түвшинд судалгаа хийж үзэхэд нийт хүүхдийн 40-50 хувь нь цахим сүлжээнд холбогддог. Холбогдсон хүүхэд дотроос 40-50 хувь нь сэтгэлийн хүнд дарамтанд орох зэрэг сөрөг нөлөөнд автаж байна. Тиймээс бодлого гаргах ёстой. Ж.Энхбаяр: Эхний ээлжинд төрийн албаны бүтцийг үр дүнтэй, уялдаатай, зөв зохион байгуулалтанд оруулан саналыг оруулж ирнэ. Улмаар төрийн албыг ил тод хүртээмжтэй, авилгаас ангид, төр иргэний хооронд бүхий л харилцааг хүнд сурталгүй, шуурхай олгох том зорилтыг хэрэгжүүлнэ. Мөн Монгол Улсын эдийн засгийн хурдасгуур болгож ашиглана. Түүнчлэн салбарын аюулгүй байдлыг хангах чадавхийг бүрдүүлнэ. Сошиал орчин дахь хууль эрх зүйн зохицуулалтууд, салбарын хэрэгжүүлэх төрийн бодлогыг оруулах зорилготой ажиллана. Мэдээлэл технологийн салбар бол зөв зохион байгуулалтаар ажиллабал бага зардлаар асар их үр дүнд хүрч болдгийг хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд бүгд мэдэж байна. Тиймээс цаг алдахгүй, цахим шилжилтийг яаралтай хийх шаардлагатай.
Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуулаа. Д.Сарангэрэл: УИХ-ын бүтцэд Цахим түр хороо байгуулах санаачилга гаргасан Ж.Энхбаяр болон бусад гишүүддээ талархал илэрхийлж байна. Энэ манай парламентын түүхэнд бичигдэх шинэ хуудас болж магадгүй. Цахимжуулахын ач холбогдлыг бид бүгд ойлгож байгаа. Хамгийн гол нь төрийн мэдээлэл үйлчилгээг ард иргэддээ ойртуулах тухай асуудал. Төрийн мэдээлэл ард иргэдэд очихдоо субъектив хандлагаас холдох боломжийг бүрдүүлж байна. Авилга, хээл хахууль, чирэгдэл, танил тал зэрэг олон нийтийг бухимдуулж байгаа олон асуудлыг хязгаарлах бүрэлн боломж. Эстони улсын талаар жишээ авахад 1.3 сая хүнтэй, ДНБ нь 27 тэрбум доллар. Энэ их мөнгийг бүрдүүлэхдээ төрийн үйлчилгээгээ бүхэлд нь цахимжуулсан туршлагаараа дэлхийд тэргүүлж байгаа. Олон улсад энэ чиглэлийн үйчлилгээ, сургалт, тусламж дэмжлэг үзүүлж, санхүүжилт олж байна. Төрийн үйлчилгээгээ бүхэлд нь цахимжуулсныхаа үр дүнд ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх эдийн засгийн эргэлтийг бий болгож чадсан. Эрүүл мэндийн салбар цахимжуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэлтэй. Эхний алхмуудаа хийснийг та бүхэн мэдэж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан 4 сарын 1-нээс цахимд шилжсэн. Хөнгөлттэй эмийг сард 1-2 удаа жор бичдэг, эмийн сангуудаар ганц хоёрхон удаа олгодог байдал ард хоцорсон. Шинэ үйл ажиллагаа эхэлсэн учраас зарим чирэгдэл байгаа нь цаг хугацааны асуудал. Хөнгөлттэй эмнийхээ жорыг бичүүлсэн ард иргэд хүссэн үедээ эмээ авах бүрэн бололцоо бүрдсэн. Гол асуудал нь цахимжуулсны дараа мэдээллийн аюулгүй байдал маш чухал. Эрүүл мэндийн салбар цахимжсаны дараа монгол хүний эрүүл мэндийн асуудлын мэдээлэл бүхэлдээ цахимд орно. Энэ мэдээллийг хамгаалах, нууцлалыг бий болгох асуудал маш чухал. Энэ чиглэлд ямар зүйл хийх вэ? УИХ-ын гишүүдийн ярьсан цахимжуулалт нь хувийн хэвшилд тодорхой хэмжээний саад бэрхшээл учраалах асуудлыг хамаагүй гэж бодож байна. Бид эхний ээлжинд төрийн мэдээллийг цахимжуулах тухай ярьж байгаа. Эстони улс 1982 онд цахимжуулах үйл ажиллагаа эхлүүлсэн. Парламентын бүтцэд цахимжуулах ажлыг хариуцах бүтэц бий болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг байгуулсан нь улсынхаа эдийн засагт үр дүнгээ өгч байна. Олон нийтийн бухимдал байхгүй болсон. Тиймээс бид энэ үйл ажиллагааг дэмжих ёстой. Ж.Энхбаяр: Шинэ салбар эдийн засаг нийгэмд маш таатай нөлөөлдөг. Нөгөө талаар болгоомжлол нь эмзэг байдал бий болгодог. Тиймээс асуудалд нухацтай хандаж, өөрийн орныхоо үндэсний онцлогт таарсан, үндэсний чадавхийг яаралтай бүрдүүлэх ёстой. Энэ чадавхи нь кибер аюулгүй байдлыг үндэсний системээ хамгаалдаг, довтолгоог илрүүлдэг, шаардлагатай бол хариу цохилт өгч чаддаг чадавхи бүхий үндэсний алба бий болгох ёстой. Ингэж байж аюулгүй байдлаа хангана. Бид асуудлыг УИХ-д оруулна.