Ж.Бат-Эрдэнэ 2018.07.04 | Montsame.mn

Монгол улсаар дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд бичиг баримт олгох ажлыг ТББ-д шилжүүллээ

Монгол улсаар дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд бичиг баримт олгох ажлыг ТББ-д шилжүүллээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн зарим чиг  үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, Монгол Улсаар дамжин өнгөрөх мөн түр хугацаагаагаар манай улс руу орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд С, B, D дэвтэр болон бусад бичиг баримт олгох ажлыг "Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо"-нд шилжүүлэхээр болжээ. Ингэснээр манай улсад хүрэлцэн ирэх жуулчдыг дэмжих зорилготой гэдгийг  Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэв.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асууултад хариулав.

-Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхдээ ямар шаардлагыг тавьсан вэ?
-Олон улсын тээврийн байгууллагад бүртгэлтэй, олон нийтийн байгууллага байх ёстой. “Монголын автомашин, мотоциклийн  спортын холбоо” олон улсын байгууллагад бүртгэлтэй учраас сонгосон юм.
-Энэ хүрээнд аялал жуулчлалаас олох орлого хэрхэн нэмэгдэнэ гэж харж байгаа вэ?
-Одоогоор нарийн тооцоолсон зүйл байхгүй. Өмнө нь жуулчид дамжин өнгөрөхдөө зөвхөн Алтанбулаг боомтоор орж ирдэг байсныг нэмж, 11 боомт болгон өргөжүүлсэн.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтэйгээр орон нутгийн автозам барих мэдээлэл бий. Аль аймгийн автозамыг  шинэчлэн барих вэ?
-Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг УИХ баталсан. Уг зээлээр Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчилнэ. Энэ ажлыг ирэх намраас эхлүүлэхээр төлөвлөж байна.
-"МИАТ" зорчих урсгал багатай үед хоосон нислэг үйлдэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан? Энэ талаар тодруулахгүй юу?
-Монгол Улс шатахуунаа гаднаас авдаг. “МИАТ” компани зарим тохиолдолд шатахуунаа тээвэрлэх, ачаа ихтэй үед онгоцны багтаамжаас шалтгаалан цөөн зорчигчтой нислэг үйлдэх нөхцөл үүсдэг.
 
Ч.Ариунболд