Шаргаморьтын замыг наадмаас өмнө ашиглалтад оруулах үүрэг өглөө
2018.07.02

Шаргаморьтын замыг наадмаас өмнө ашиглалтад оруулах үүрэг өглөө

Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт зуслангийн чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцтай танилцав.

Тус чиглэлд шинээр зам тавихаас гадна хуучин шороон замыг хусч, тэгшлэх ажил дуусах шатандаа орсон байна. Удахгүй ашиглалтад оруулж, бүрэн хүлээлгэж өгөх аж. Тус шороон замд ээлжит болон их засвар хийгээгүйн улмаас шороон замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд орж, иргэд зорчиход хүндрэл үүсээд олон жилийн нүүр үзээд байсан юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү авто замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө бүрэн дуусгаж, нээхийг замын ажил гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Авто замыг өргөтгөн шинэчлэхэд замын хөдөлгөөнийг бүрэн хаалгүйгээр урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна.