Ашигт малтмалын лицензийг цуцлуулах хүсэлт тавьжээ
2018.08.06

Ашигт малтмалын лицензийг цуцлуулах хүсэлт тавьжээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ суманд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Ашигт малтмал газрын тосны газарт ханджээ.

Нутгийн иргэдээс ойн сан бүхий газарт ашигт малтмалын зөвшөөрөл олгосон хууль зөрчсөн үйл ажиллагаа явж байна гэсэн гомдлыг ирүүлсэн аж.

Иймээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар холбогдох байгууллагад хандаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт тавиад буй аж. Эл хүсэлтээ өнгөрсөн долдугаар сард хандан тавьсан ч одоог болтол хариу өгөөгүй байгаа юм байна. 

Энэхүү албан бичигт “Ашигт малтмал, газрын тосны газраас Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэр дэх Төмөртэй аманд 860.91 га газрыг “Блэкрок” ХХК-д, Алаг-Эрдэнэ сумын Дөшийн голд 164,3 га, Өвөр мараатын голд 804,4 га газрыг “Эх мөрөн” ХХК-д, Цагаан чулуутад 75,89 га газрыг “Төв азийн гантиг” ХХК-д тус тус ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Бүрэнтогтох сумын Төмөртэй ам нь малын бэлчээрийн гол бүс нутаг бөгөөд 2000-3000 жилийн өмнөх 140 ширхэг булш бунхан, хиргисүүртэй, ойн сан бүхий, олон булаг шандтай, мал амьтныг тэтгэдэг онцгой бүс нутаг юм. Нутгийн иргэд болон сумдын удирдлагуудын зүгээс тавьсан хүсэлтийн дагуу наадмын өмнө 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт Улсын Их Хурлын гишүүний 8516 тоот албан бичгээр уг асуудлыг эсэргүүцэж холбогдох хууль зөрчсөн байж болзошгүй тул тухайн асуудлыг хянаж тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар хандсан. Уг асуудлаар цаашид холбогдох байгууллагуудад хандаж хяналт, шалгалт хийлгүүлэх асуудлыг эрчимжүүлэх болно.

Өмнө нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт MV-020885 дугаартай ашиглалтын лицензийг Ашигт малтмал газрын тосны газраас “Монгол ресурс корпораци” ХХК-д олгосон асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт хандсаны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 263 дугаар шийдвэрээр “Монгол ресурс корпораци” ХХК-д олгосон MV-020885 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Цаашид уул уурхайн асуудлаар аймгийн удирдлагууд газар дээр нь хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар анхаарч ажиллах шаардлага бас байна” гэжээ.

Г.ХОРОЛ