С.Чинзориг 2018.08.24 | Монголын үнэн

С.Чинзориг: 28 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмнэ

С.Чинзориг: 28 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмнэ

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчийн цалинг ирэх сарын 1-нээс нэмэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримталсан байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газар энэ оны эхээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гурван талт хэлэлцээр байгуулсан. Ингэснээр ОУВС-тай төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах үүрэг хүлээсэн. Үүний дагуу ОУВС- тай хамтарч энэ оны дөрөвдүгээр улирлаас төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх ойлголтод хүрсэн. Ийнхүү төрийн албан хаагчийн цалинг нэмэх шийдвэрийг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүллээ. Засгийн газраас төрийн албан хаагчдад цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ хэд хэдэн зарчим баримталсан.

Юуны өмнө цалин багатай болон эдийн засгийн хямралд илүү өртсөн хэсгийн цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ хэд хэдэн зарчим баримталсан. Юуны өмнө цалин багатай болон эдийн засгийн хямралд илүү өртсөн хэсгийн цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэл барьсан” гэж тодотголоо.

145 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НАЙМАН ХУВИАР НЭМНЭ

Төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ соёл, урлагийн салбарын цалинг маш бага нэмэгдүүлж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, соёл урлагийн салбарт ажиллагсдын цалинг нийт төрийн албан хаагчийн цалингаас 12.5 хувиар доогуур тогтоож ирсэн байна.

Тиймээс энэ салбарынхны цалинг эхний ээлжид нэмэгдүүлэх аж. Мөн багш, эмч нар болон тэдэнтэй дүйцэхүйц албан тушаалтан, бага цалинтай албан хаагчийн цалинг найман хувиар нэмэгдүүлнэ. Энэ арга хэмжээнд үйлчилгээний албан хаагч, төрийн захиргаа, төрийн тусгайгийн албан хаагчдыг хамруулах аж. Ингэснээр нийт 145 мянган албан хаагчийн цалинг ирэх сарын 1-нээс найман хувиар нэмэгдүүлэх бол улс төрийн албан тушаалтан болон шүүх, прокурорын цалинг нэмэхгүй юм байна.

АЖЛЫН БАЙРНЫ НӨХЦӨЛ, АЧААЛАЛ, УР ЧАДВАРААС ХАМААРАН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛНЭ

Өнгөрсөн оноос төрийн албан хаагчдыг ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвар, хариуцлагаас хамаарсан цалингийн системтэй болгох талаар ярилцсан. Үүний хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарт ажлын байрны нөхцөлийн үнэлгээг хийсэн байна. Энэхүү үнэлгээг үндэслэн ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвараас хамаарсан ялгамжтай цалинтай болгох асуудлыг энэ удаагийн цалингийн нэмэгдэлтэй хамт эхлүүлж байгааг салбарын сайд дуулгалаа.

Эхний ээлжид эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн хөдөлмөрийн нөхцөлийн судалгааг үндэслэн төрийн албан хаагчийн цалинг албан тушаалын ангилал, зэрэглэлээр нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох арга хэмжээ авч байгаа нь энэ аж. Эрүүл мэндийн салбарт хийсэн судалгаагаар ажлын нөхцөл хүнд, ачаалал, хариуцлага өндөртэй нь сувилагч байгаа аж. Харин боловсролын салбарт ерөнхий боловсролын сургуулийн бага анги, цэцэрлэгийн багш нарын ачаалал өндрөөс гадна ур чадвар шаардсан ажлын байр гэсэн үнэлгээ гарчээ.

СУВИЛАГЧИЙН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ 1-2 ШАТ АХИУЛНА

Дээрх арга хэмжээний хүрээнд сувилагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг 1-2 шат ахиулах арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмчилгээ, эх хүүхэд, нярайн болон сэтгэцийн, гэмтэл согог, хавдрын мэдээгүйжүүлэлтийн сувилагчийн ажлын ачаалал хамгийн өндөр гарсан учир хоёр шат, мэдрэл, нүд, чих, хамар, хоолой, уламжлалт, арьс, дотрын сувилагчийн ангиллыг нэг шатаар ахиулах аж.

Харин бага ангийн, цэцэрлэгийн багшийн зэрэглэлийг нэг шат ахиулах юм байна. Ингэж шат ахиулснаар сувилагчийн цалин 20-30, бага анги, цэцэрлэгийн багшийн цалинг 14 хувиар нэмэх боломжтой болно гэдгийг салбарын сайд хэллээ. Мөн соёл, урлагийн салбарынхны цалинг найман хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ ангилал зэрэглэлийг нь шинэчлэн тогтоож байгааг дуулгалаа.

Энэ салбарт албан тушаалын 11 ангилал байсан бол шинэчилснээр долоо болж байгаа аж. Ингэснээр боловсрол, соёл урлагийн салбарынхны цалинг ирэх сарын 1-нээс 14-32 хувиар нэмнэ. Ийнхүү төрийн албан хаагчийн цалин хөлс нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох арга хэмжээнд 92 хувь нь хамрагдаж байна. 145 мянган төрийн албан хаагчийн цалинг ирэх сарын 1-нээс найман хувиар нэмнэ. Ангилал, зэрэглэл шинчлэн тогтоосонтой холбогдуулан 28200 төрийн албан хаагчийн цалинг 14-32 хувиар нэмнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.

Төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим зүйл заалтыг хүчингүй болгох саналыг Засгийн газрын хуралдаанд ярьжээ. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, дэмжсэн байна. УИХ-ын 29 дүгээр тогтоолд “Төрийн албан хаагчийн цалин хөлсийг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй байх, хүрсэн төвшинд нь хадгалах, царцаах” гэсэн заалт байсан. Мөн “Төрийн албан хаагчийн зэрэглэлийг шинээр олгохгүй, нэмэгдүүлэхгүй байх, цалингийн, шатлалыг ахиулахгүй байх” гэсэн заалт байсныг цалин хөлс нэмэгдүүлэх арга хэмжээтэй холбогдуулан хүчингүй болгох саналыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

ИРЭХ ОНД ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХЭД 220 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Ирэх оны төсвийн төслийг боловсруулах талаар Засгийн газар энэ өдрүүдэд ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд, ХНХ-ын сайдад үүрэг, чиглэл өгснийг салбарын сайд дуулгалаа. Тэрбээр энэ тухайд “Нэгдүгээрт, 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа төрийн албан хаагчийн цалинг бодитойгоор хэдэн хувиар нэмэгдүүлэх, хэдий хэмжээний хөрөнгө тусгахыг тодорхой болгох үүрэг өгсөн. Бидний тооцоогоор ирэх онд цалин нэмэгдүүлэхэд 220 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийн ажлын байранд хийж буй нөхцөлийн үнэлгээг зөвхөн эрүүл мэнд, боловсролын салбараар хязгаарлахгүй бүх салбар, албанд хийж дуусгах, ирэх оноос эхлэн бүх төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох асуудлыг 2019 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах үүргийг өгсөн” гэв.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ажлын байрны нөхцөлд хийсэн үнэлгээг хэр бодитой гэж дүгнэж байна вэ?

-Ажлын байранд хийсэн нөхцөлийн судалгааг зөв гарсан гэж бодож байна. Хэн ч боловсролын салбарт бага анги, цэцэрлэгийн багшийн ачаалал маш өндөр гэдгийг хэлдэг. Гэхдээ бид зөвхөн албан тушаалын зэрэглэлийг ахиулаад орхих бус багш, эмч нарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг хийсэн судалгааны дагуу шинэчлэн тогтоохоор ажиллаж байна.

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Засгийн газар цалин нэмэхдээ өмнө нь төсөвт суулгасан байсан 54 орчим тэрбум төгрөгийг ашиглах гэж байна. Энэ нь бодит нэмэлт биш гэсэн зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр энэ жил төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийн урамшууллыг цалингийн нэмэгдлээс тусдаа олгох уу?

-Өнгөрсөн жил төсөвт тодотгол хийж, 54 тэрбум төгрөг суулган төрийн албан хаагчид нэг удаагийн урамшуулал олгосон. Ингэснээр маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс төсөвт тусгасан нэг удаагийн урамшуулал олгох 54 тэрбум төгрөгийн төсөвтөө багтаан урамшуулал олгох бус байнгын цалин хөлс нэмэгдүүлэх арга хэмжээ авъя гэж үзсэн. Төсөвт эерэг өөрчлөлт гарч, төсвийн сахилга бат сайжирч байгаа нь үнэн. Гэхдээ ОУВС-гийн хийсэн үнэлгээгээр “Эерэг өөрчлөлтүүд гарч байгаа ч эдийн засаг, төсөв маш эмзэг хэвээрээ байна” гэсэн анхааруулгыг өгч байгаа учраас энэ оны тухайд үүнээс илүү хөрөнгө зарцуулах боломжгүй байна. Ирэх онд бид 220 тэрбум төгрөгт багтаан төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ энэ нь эцсийн тоо биш, урьдчилсан дүн.

-Үйлдвэрчний эвлэлийн холбоо ирэх сарын 1-нээс ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Тэгэхээр та бүхэн санал нэгдээгүй гэсэн үг үү?

-Засгийн газар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын санал хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж ирсэн гэдгийг тодотгоё. Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар шинээр байгуулагдсаныхаа маргааш нь хийсэн хуралдаанаараа гурван талт хэлэлцээр байгуулах, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, нийгмийн түншүүдтэйгээ ойлголцох үүрэг өгсөн. Үүний дагуу бид гурван талт хэлэлцээрээ байгуулсан. Гурван талт хэлэлцээрээр энэ онд инфляцын төвшинтэй уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай ойлголцох талд идэвхтэй ажиллах үүргийг хүлээсэн юм. Харамсалтай нь, Үйлдвэрчний эвлэлийнхэн байгуулсан хэлэлцээрээс давсан шаардлага тавьж 50-аас доошгүй хувиар цалин хөлс нэмэх шаардлага тавьсан учир Засгийн газар энэ удаад байгаа боломжийнхоо хүрээнд шийдвэр гаргалаа. Үүнийг хэрхэн хүлээн авч, тайлбарлах нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эрх. Миний хувьд Засгийн газар байр сууриа илэрхийлээд, хөрөнгийнхөө нөөцтэй уялдуулан цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэн, ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох арга хэмжээ авч байхад ажил хаялт зарлах байдалд хүрэхгүй болов уу гэж найдаж байна.

М.ЭНХЦЭЦЭГ