А.Ундраа 2018.08.28 | News.mn

А.Ундраа гишүүн ардчиллын үнэт зүйлийн талаар залуустай ярилцлаа

А.Ундраа гишүүн ардчиллын үнэт зүйлийн талаар залуустай ярилцлаа

Өчигдөр /2018.8.27/ Зориг сангаас зохион байгуулсан “Ардчилал” зуны сургалтад УИХ-ын гишүүн А.Ундраа оролцож ардчиллын  үнэт зүйлийн талаар залуустай  үзэл бодлоо хуваалцжээ. Ардчилал гэдэг хүн болгон өөрийнхөө байх эрх чөлөөний асуудал. Гэхдээ энэхүү эрх чөлөөгөө   хэтрүүлж бусдын эрх чөлөө рүү халдах нь  анархизм болох эрсдэлтэй. Нөгөө талаар ардчиллын баталгаа бол чөлөөт хэвлэл. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа мэдээлэлд нэг талыг барьсан бус олон талт тэнцвэртэй мэдээлэл хүргэх нь ардчиллын дархлааны  нэг гэдгийг тэрбээр уулзалтын үеэр онцлон хэлжээ.

Түүнчлэн  хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан оюутнуудад зөвлөгөө зөвлөмж өгч, санал солилцсон байна. Тухайлбал, өнөөдөр зарим их дээд сургууль  сургалтын төлбөрөө нэмсэнд оюутнууд эсэргүүцэл илэрхийлсэн  асуудлаар тэрбээр  “ Сургалтын төлбөр нэмэгдэх нь  тухайн оюутан болон гэр бүлийн эдийн засагт  ачаалал болж байгаа нь  үнэн. Гэхдээ нэг талаар төлбөр нэмэгдлээ гэж  оюутнууд  жагсаал хийх нэг өөр. Нөгөө талдаа төлбөрийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа бол буцаагаад чанартай боловсрол оюутнуудад олгох уу , судалгаа хийх боломж нь нээгдэх үү, төгсөөд ажлын байраар хангагдаж хөдөлмөрийн зах зээлд  өрсөлдөх чадвар нь сайжрах уу, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц мэдлэг олж авахад юу дутагдаж байна вэ гэдгийг оюутнууд давхар хөндөж тавих хэрэгтэй. Тулгамдсан асуудлаа  оюутнууд хамтаараа шийдсэн  жишээ гаднын улсад олон бий.

Боловсролын чанарын асуудал сүүлийн үед ихэд яригдах болсон. Олон улсын боловсролын түвшинтэй өрсөлдөхийн тулд  ямар ямар чадварууд үнэ цэнэтэй болж байна вэ гэдэгт суралцах нь чухал. Академик мэдлэгээс гадна багаар ажиллах  чадвар, хөрвөх чадвар, аливаад дүн шинжилгээ  хийх чадварууд өнөөдөр үнэ цэнэтэй болж байна гэдгийг залууст зөвлөжээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn