Баасанхүү.О 2018.10.01 | Zindaa.mn

О.Баасанхүү: Би МАХН-ын дарга

О.Баасанхүү: Би МАХН-ын дарга

Намрын чуулганы нээлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрх баригчдыг мөрийн хөтөлбөрөө биелүүлж, хууль санаачлах, хэрэгжүүлэх ажлаа сайн хийхийг шаардаж мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонирхлоо./2018.10.01/

-Намрын чуулганаар томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүнд Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Идэж уух дуртай юм чинь энэ намрын чуулганаар Төсвийн тухай хуулиа батлах байх. Мөнгө байхгүй бол эд нар идэж ууж чадахгүй шүү дээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлт, засаглалын системийн өөрчлөлтийн асуудал хөндөгдөх боллоо. Энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Юун Үндсэн хууль өөрчлөх. Би сонгуулийн тогтолцоогоо шийдье гэж өмнө нь хэлж байсан. Ялсан нам өөрт тохирсон хувилбарыг сонгодог байхаа болимоор байна. Одоо мөнгөтэй нь Төрийн ордонд орж ирье гээд томсгосон тойргоор сонгуулиа явуулах гэж байгаа юм билээ. Ингэвэл тэтгэвэртээ гарах болчихсон томчууд орж ирнэ. Уг нь холимог тогтолцоо гэж байгаагүй бол өнөөдөр ордонд хор найруулдаг хүн арай цөөхөн байх байсан.

Улс төрийн намын тухай хуулинд ганцхан заалт оруулах хэрэгтэй. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст нам дэмжлэг үзүүлэхгүй гэж оруулах хэрэгтэй. Мөн намрын чуулганаар Эрүүгийн хуулиа өөрчилмөөр байна. Эрүүгийн хуулинд 14 настай хүүхэд тохиролцож, бэлгийн харилцаанд орвол 350 мянган төгрөгөөр торгоно гэж оруулсан байгаа. Би хуулийн төслөө бэлэн болгочихсон. Удахгүй өргөн барина. Өнөөдөр хүчингийн хэрэг урьд байгаагүйгээр нэмэгдчихээд байна. Тэгэхээр Эрүүгийн хуулиа өөрчлөөгүй байж юун Үндсэн хууль гэж хэлмээр байгаа юм. Эрүүгийн хууль авлигачдыг хамгаалдаг хууль болсон. Хэдхэн сая төгрөгөөр торгоод өнгөрч байна. “Жаст”-ын хэрэг дээр гэхэд Ш.Батхүү л шоронд сууна. Бусад нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд суллагдчихна.

-Энэ бүхэн УИХ-ын гишүүний байр суурь уу, МАХН-ын байр суурь уу?

-Би МАХН-ын дарга. Дараа нь Н.Энхбаяр гэдэг хүн намын дарга болъё гэж хоёр удаа хурал хийсэн. Түүнийг нь Дээд шүүх бүртгээгүй. Одоо манай нам даргагүй болчихоод байна. Миний байр суурь бол 2020 онд шинэ сонголтыг гаргаж ирэхийн төлөө юм. Манай намынхан аравдугаар сарын 7-ны өдөр уулзана. Тэгээд 21 аймгаар явж, гишүүдээсээ асууна. Ингээд бүх гишүүдийн хурлаар асуудлыг шийднэ. Тэр болтол “Хэн мөнгөө төлнө, тэр хөгжмөө сонсоно” гэдэг шиг өөр өөрсдийнхөө ойлголтоор явж байг.

М.Хангал