УИХ-ын гишүүн Л.Болд Үндсэн хуулийн Цэцэд ханджээ
УИХ-ын гишүүн Л.Болд
2018.10.16

УИХ-ын гишүүн Л.Болд Үндсэн хуулийн Цэцэд ханджээ

УИХ-ын гишүүн Л.Болд намрын чуулганы эхэнд парламентын спикер М.Энхболдын Ээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй явдал нь Үндсэн хууль зөрчсөн тул Үндсэн хуулийн Цэц (ҮХЦ)-д хандана гэдгээ илэрхийлж байсан. Тэр ч ёсоороо Л.Болд гишүүн ҮХЦ-д өргөдөл гаргажээ.

Түүний өргөдөлд

“...Гэтэл Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдуулах тухай шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргасан байхад Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчиж. ээлжит бус чуулганы асуудал, хуралдах өдөр. цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гарган Улсын Их Хурлын ээлжит бус чуулган зарлан хуралдуулсангүй

…Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдуулах талаар Үндсэн хууль болон холбогдох хуульд заасан нөхцөл, хууль ёсны шаардлага бүрэн бүрдсэн байхад ээлжит бус чуулганыг товлон зарлаагүй буюу чуулганы асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргаагүй, асуудлыг үл хайхарсан Улсын Их Хурлын даргын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдугээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, ... үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг, мөн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэснийг, Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгг “Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, ...ээлжит бус чуулган чуулж болно" гэснийг, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын ... бусад чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана" гэснийг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд .... төрийн байгууллагын бусад шийдвэр, ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн болохыг тогтоон холбогдох хуулийн дагуу дүгнэлт гаргана уу” хэмээжээ.