С.Чинзориг 2018.10.25 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Румыны Ерөнхий сайд асан Петре Романыг хүлээж авч уулзлаа

Румыны Ерөнхий сайд асан Петре Романыг хүлээж авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт үндэсний бага хуралд оролцохоор Монгол Улсад ирсэн Румын улсын Ерөнхий сайд асан Петре Романыг хүлээж авч уулзлаа.

С.Чинзориг сайд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудалд анхаарал тавьж, өөрийн туршлагаас хуваалцахаар зорьж ирсэн ноён Петре Романд талархал илэрхийлээд төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчны талаар тодоорхой мэдээллийг өглөө.

Тэрбээр “Монгол Улсын хувьд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар 2006 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколын хамт  Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан.

Бидний зүгээс энэ хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллаж байна. Монгол Улсын төр, Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой, салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал бөгөөд төрийн бодлого, үйл ажиллагааны зарчим нь тэднийг улс төрийн, эдийн засгийн, нийгэм, соёлын бүхий л харилцаанд ямар нэг алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэл барин бүхий л бодлого шийдвэртээ анхаарч, тэдгээр иргэдийн асуудлыг орхигдуулахгүй тусган ажиллахыг зорилго, чиглэл болгодог” хэмээгээд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хангах, салбар дундын уялдааг сайжруулахад чухал нөлөөтэй

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын санаачилгаар байгуулан ажиллуулж буй талаар ярилаа.  Мөн сайд мэдээлэлдээ нэг дор 250 хүүхэд хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв ирэх онд ашиглалтад орох гэж буй тухай болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборыг шинээр барихаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан.

Хэдийгээр төр, засгаас анхаарч буй ч шийдвэл зохих асуудал олон байгаа бөгөөд  Европын Холбооноос төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг   ноён Петре Романаас хүслээ.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд тэгш оролцох наад захын боломжоор хангасан дэд бүтэц буюу нийтйин тээвэр, зам, гарц, гэрлэн дохио зэргийг шийдэх шаардлагатай байгаа. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим мянга нь ямар нэг байдлаар хөдөлмөр эрхлэх боломжтой ч тэдний 10 гаруйхан хувь нь л ажилтай гэсэн судалгаа бий. Европын Холбооны гишүүн орнууд Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн зах зээлд татваргүй нийлүүлэх боломж олгохоор судалж байгаа.

Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэднийг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч сургалтад хамруулах хэрэгтэй байгаа тул энэ чиглэлд хамтарч ажиллах боломжтойг С.Чинзориг сайд дуулгалаа.

Румыны Ерөнхий сайд асан Петре Роман Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар маш сайн мэдээлэл өгсөнд талархаад сайдын тавьсан саналуудыг бололцоотой бүхий л аргаар дэмжиж ажиллах болно гэлээ.