Шадар сайд БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүнийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Сүүлийн жилүүдэд хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт гүнзгийрэн хөгжиж, өндөр, дээд түвшний айлчлал, уулзалт болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв. Айлчлал, уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгох нь чухал гэдэгт санал нэгдэв.
Хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд болон “Бүс ба зам”, “Хөгжлийн хөтөлбөр”-ийг уялдуулж төмөр замын шинэчлэл, олон улсын автозамын зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Төлөөлөгчийн газруудаа харилцан нээж ажиллуулах талаар ярилцав.
Мөн Тяньжин-Улаанбаатар хотын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой угтсан бүтээлч олон ажил хийх талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.