У.Хүрэлсүх: Улаанбаатар-Тяньжины хамтын ажиллагаанд ”шинэ зам” гаргалаа
2018.10.22

У.Хүрэлсүх: Улаанбаатар-Тяньжины хамтын ажиллагаанд ”шинэ зам” гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ноён Ли Хужун Монгол Улсын ерөнхий сайдад БНХАУ-ын дарга Си Жинпин болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нарын мэндчилгээг уламжлав.

Сүүлийн жилүүдэд манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин тэлж, хөгжсөөр байна. 2018 он өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж ойртсон онцгой жил байлаа. Энэ удаагийн айлчлал ч мөн Засгийн газар хоорондын харилцаанд ахиц дэвшил авчирсан, өмнөх айлчлалуудаар харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход чухал  ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.

“Бүс ба зам” хөтөлбөр, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах нь илүү их хичээл зүтгэл хамтын ажиллагааг шаардаж байгааг талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрөв. Хамтын ажиллагааны хүрээнд айлчлалаар тохиролцсон хэлэлцээрийн дагуу Төв цэвэрлэх байгууламж барих, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх томоохон ажлууд хэдийн эхэлснийг онцлов.

Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох гэж буй энэ үед Азийн бүс нутгийн үүд хаалга болсон Тяньжин хоттой бүх талаар тэрдундаа худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Монгол-Тяньжины Дүнзян тээвэр лоrистикийн төв байгуулах хэлэлцээр хийх гэж буйд Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ ерөнхий сайд  илэрхийлэв.

Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун хэлэхдээ Тяньжин, Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт боловсон хүчин бэлтгэх, хотуудад харилцан соёлын төвийг байгуулах, төлөөлөгчийн газар нээх хот хоорондын нислэгийг эхлүүлэх, Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуйг цогцлоон хөгжүүлэх боломж байгаа талаар хүсэлтээ тавив.

.