т.бадрал 2018.11.12 | ОБЕГ-ын ХМА

"Улаанбаатарт газар хөдлөлтийн шинэ хагарал бүртгэгдсэн нь хотын төв дундуур дайран өнгөрч буйг тогтоосон

"Улаанбаатарт газар хөдлөлтийн шинэ хагарал бүртгэгдсэн нь хотын төв дундуур дайран өнгөрч буйг тогтоосон

Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд болон “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд төлөвлөгдсөн сургалтуудад ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал 

“Монгол Улсад тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлээс хамгийн их хор хохирол учруулж болзошгүй, өдрөөс өдөрт эрсдэл нь нэмэгдэж байгаа аюул бол газар хөдлөлтийн гамшиг юм. Өнөөдөр л гэхэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн шинэ хагарал бүртгэгдсэнийг хэлэх хэрэгтэй байх. Энэ хагарал бүр Улаанбаатар хотын төв дундуур дайран өнгөрч буй гэдгийг судалгааны үндсэн дээр тогтоосон байна. Тийм ч учраас бид Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах Япон улсын туршлагаас суралцаж, сайн туршлагыг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллалаа.

Өнөөдөр бидний удаа дараа тавьсан хүсэлтийг хүлээн авч, эдгээр багаж хэрэгслийг хүлээн өгч байгаад баяртай байна” хэмээн онцолсон юм.

“Монгол Улсын Гамшгийн цагаан ном”-ыг хэвлэн гаргажээ

Харин ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато “Япон улсад байнгын газар хөдлөлтийн гамшиг тохиолдож байдаг учир бид гамшигт тэсвэртэй, бэлтгэлтэй байхыг чухалчилдаг. Тийм ч учраас бид та бүхэнтэй туршлагаасаа хуваалцаж, энэхүү төслийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Бидний энэ хэрэгжүүлж байгаа төсөл хүсэн хүлээсэн үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Төслийн хүрээнд Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, Гамшгийн мэдээллийн сан ашиглах заавар, гамшгаас хамгаалах чиглэлээр байгууллага хооронд санамж бичиг байгуулах, Инженерийн шугам сүлжээний газар хөдлөлт тэсвэржилтийн үнэлгээ хийх тухай барилгын норм, дүрэм, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах талаарх агуулгыг оруулах суралцахуйн удирдамж, Олон нийтийг гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулаад байгаа юм.

Мөн “Монгол Улсын Гамшгийн цагаан ном”-ыг бэлтгэж, анхны хэвлэлтийг гаргаад байна.

Харин өнөөдөр хүлээлгэн өгсөн  барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд болон төслийн хүрээнд төлөвлөгдсөн сургалтуудад ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг “Барилгын хөгжлийн төв”-д энэ сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Тус арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато нар болон төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.