ОБЕГ: Малын тэжээлийг 50% хөнгөлөлттэй олгож, зудын үед “Ландкруйзер-78” автомашин нийлүүлнэ
2023.12.14

ОБЕГ: Малын тэжээлийг 50% хөнгөлөлттэй олгож, зудын үед “Ландкруйзер-78” автомашин нийлүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох шийдвэрийг газар дээр нь гаргалаа.


Засгийн газар, УОК-оос ойрын хугацаанд улсын нөөцөөс малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр орон нутагт нийлүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

Тус аймагт 2023 онд 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.8 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.6 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд бүх сумдад өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангуулах төлөвлөгөөг гаргуулж, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 91.3 хувьтай хангагдсан байна.

Улсын хэмжээнд хийсэн зудын үнэлгээгээр Цэцэрлэг сум цагаан зудтай, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал гэсэн 6 сум нь цагаанаар зудархуу үнэлэгдэж, 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлчээрийн даац нутгийн 30 хувьд хүрэлцээтэй, 70 хувьд нь хэтрэлттэй байна.

Тус аймагт энэ сарын 12-ны өдрийн байдлаар 5-6 удаагийн цас орж, долоон сумын хэмжээнд 10-17 см, Хайрхан, Төвшрүүлэх, Эрдэнэмандал Цахир, Жаргалант сумдын нутагт 20-25 см, бусад суманд 2-8 см цасны зузаантай нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар гурван ажлын хэсэг хоёр удаа сумдад ажиллаж, өвөлжилт, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, отроор яваа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарах, мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зах зээлд борлуулах болон хэрэгцээлэхэд анхаарах талаар холбогдох үүрэг чиглэлийг өгч ажилласан байна.

Мөн тус аймагт өвс тэжээл 28-33 мянган төгрөг, ногоон тэжээл 22-25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь өмнөх жилүүдээс үнэтэй, малчид худалдан авах чадвар муу байгаа гэдгийг уламжилсан юм.


Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, цас зудын үед хөдөө орон нутагт туулах чадвар сайтай “Ландкруйзер-78” автомашин нийлүүлнэ.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Засгийн газар, УОК-оос ойрын хугацаанд улсын нөөцөөс малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр орон нутагт нийлүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Гурил, тэжээлийн үйлдвэрүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, дотоодын хэрэгцээг тасралтгүй хангахад онцгойлон анхаарч ажиллаж байгаа” хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, цас зудын үед хөдөө орон нутагт туулах чадвар сайтай “Ландкруйзер-78” автомашин нийлүүлэхийн зэрэгцээ аймгийн Онцгой комисс болон бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлшийг Улсын нөөцөөс олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ