С.Эрдэнэ: О.Магнай мөнгө өгч байхыг Х.Тэмүүжин харсан юмуу
2010.03.23

С.Эрдэнэ: О.Магнай мөнгө өгч байхыг Х.Тэмүүжин харсан юмуу

Баянгол дүүргийн АН- ын ротацын сонгуулийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.

-Та Баянгол дүүргийн АН-ын даргаар ажилладаг. Танай дүүргээс АН-ын ҮЗХ-нд сонгогдсон гишүүдийн талаар таагүй мэдээллүүд байна. Ротацын сонгууль будлиантай болсон юм уу?

-Дүүргийн АН-ын хорооны хуралд суусан хүмүүс тэнд юу болсныг мэдэж байгаа. Ротацын сонгуулийг дүрэм, журмынх нь дагуу зохион байгуулж, АН-ын ҮЗХ-нд сонгох хүмүүсээ тодруулсан.

-Тухайлбал, О.Магнай ҮЗХ-ны гишүүнээр сонгогдохын тулд 10 сая төгрөг өгсөн юм уу?

-Мөнгө төгрөг өгсөн эсэх талаар О.Магнайгаас өөрөөс нь асуух хэрэгтэй. Түүнийг мөнгө өгч байхыг Х.Тэмүүжин харсан юм уу. Ийм ёс зүйгүй, авгай хүүхнүүдийн хов жив шиг юм хөөцөлдөөд байх хэрэггүй. Үүний оронд УИХ-ын гишүүн байж сонгогдсон дүүргийнхээ АН-ын гишүүдийн итгэлийг хүлээж ҮЗХ-д гараагүйдээ дүгнэлт хийвэл таарна. Энэ бол ард иргэдээсээ хол хөндий явсных нь дүн. Нэг их мундаг хүн л хууль ярьж цэцэрхээд л, боловсролтой царай гаргаад яваад байдаг. Ер нь Х.Тэмүүжин бид хоёрын боловсрол адилхан даа.

-О.Магнай Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооноос ҮЗХ-д нэр дэвшээд унасан гэсэн. Энэ үнэн бол ингэж өөр дүүргээс дахин сонгогдож болдог юм уу?

-Болно. ҮЗХ-нд сонгогдоход аймаг, дүүргийн харьяалал хамаардаггүй. Тиймээс сая Баянгол дүүргийн АН-ын гишүүн хүн Баянхонгор аймгийн АК-аас АН-ын ҮЗХ-ны гишүүнээр сонгогдсон. Манай намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд ч гэсэн ийм зарчимтай. Харин аймаг, дүүргийн АН-ын хорооны гишүүн заавал тухайн нутаг дэвсгэр амьдардаг байх ёстой.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.