Ц.Нямдорж 2018.12.05 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай төслийг өргөн барилаа

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр улс орнууд хамтран ажиллаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, тэр дундаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх боломж бий болдог байна.

Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Бүгд Найрамдах Беларусь Улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний төслийг хоёр тал 2016.03.11-ний уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018.06.04-ний өдөр Минск хотноо гэрээг байгуулжээ.

Тус гэрээгээр хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой болох юм.