Бат-Эрдэнэ.Б 2018.12.11 | Vip76.mn

Санаачлан, батлуулсан хуулиа тууштай "сахигч"

Санаачлан, батлуулсан хуулиа тууштай "сахигч"
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилж, батлуулдаг. Энэ эрхээ хэрэгжүүлэх 4 жилийн хугацаанд улс орны эрх ашиг, нийгмийн зөв зохион байгуулалт, эдийн засаг, байгаль орчноо хамгаалах гээд олон хуулиудад саналаа өгч батлалцдаг. Ингэхдээ өөрийн санаачилсан хуулиа боловсруулахаас эхлээд хэрэгжилтийг хангах хүртэл анхаарч чадаж байна уу гэвэл үгүй.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2009 онд  урт нэртэй гэгддэг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг санаачлан батлуулсан юм. Тэрээр энэ хуулийг батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 9 жил хуулийг сайжруулах хийгээд, хэрэгжилт, анх хууль батлах болсон хэрэгцээ шаардлагыг хангах чиглэлээр анхаарч ажилласаар байна.

Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажилласан.

Эдүгээ дэлхий даяар нүүрлээд байгаа байгаль экологийн хямрал гамшиг манай улсад ч нэгэн адил тулгарч байна. Энэхүү хямралын нэлээд хувь нь байгаль орчноо хайрлан хамгаалах бидний өөрсдийн үйлс, байгаль хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн орчин боловсронгуй биш, нэгэнт батлагдсан хуулиудын хэрэгжилт хангалтгүй байгаагаас энэ чиглэлд тодорхой үр дүн гарахгүй, байдал харин ч дордож байна.

Үүнээс үүдэж ховор ан амьтан, ургамлын зарим төрөл зүйл устах, бэлчээр талхлагдан хөрсний үржил шим муудах, цөлжих, ой, усны нөөц хомсдох, хот суурины агаарын бохирдол ихсэх зэргээр амьдрах орчны чанар доройтож байгаа тул УИХ-ын гишүүд хамтран урт нэртэй хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгээ тухайн үед хэлж байсан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Сүүлийн жилүүдэд Монгол орны олон гол горхи ширгэн, ой мод сүйдэж байгаа нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэж байна. Байгаль орчинд хохирол учруулж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг нь усны сав, ой бүхий газруудад уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаад оршиж байна. Төрийн бодлого энэ чиглэлээр алдаатай явж ирснийг засаж залруулах, бага дээр нь таслан зогсоох шаардлагатай байгаад хариулт болсон шийдвэртэй алхам нь УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр эдгээр хууль, шийдвэрийн төслүүдийг эцэслэн баталсан явдал юм.”

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд асар их бэрхшээл тулгарсан. Гадны хөрөнгө оруулагчид уг хуулийг хүчингүй болгох гэж улс төрчдөд лобби үзүүлж, зарим нэг уул уурхайн бизнестэй төрийн түшээд хуулийг эсэргүүцэх эсвэл ямар нэг хэлбэрээр өөрчлөлт оруулах гэх, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй ажлын хэсгийн үйл ажиллагаанд саад учруулах, сааруулах гэх мэт.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ анх санаачлан батлуулсан хуулиа хэрэгжүүлэх гэж тэмцсээр өнөөг хүрсэн. Түүний тэмцэл ч үр дүнд хүрсээр байгаа.

Гэсэн ч урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан нь энэ хуулийг ихээр завхруулж байгаа тухай салбарын сайд өнгөрсөн /2018.12.04/ пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр хэллээ.

Ингэхдээ дээрх хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсанаар 366 тусгай зөвшөөрөл олгогдсон байсныг 133 болгож бууруулсан. Гэтэл хүчингүй болгосон тусгай зөвшөөрөлтэй байсан талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй маш их газар нутаг үлдчихсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: “Урт нэртэй хуулийг завхруулсан зүйл бол хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль юм. Үүнээс үүдэн Сэлэнгэ, Булган, Ар, Өвөрхангайн зааг бол утгаа алдаж, нүд халтирам болсон. Үүнийг засахын тулд Уул уурхай яамнаас 3 удаа ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг очих сургаар ашиглаж байсан нөхдүүд бүх юмаа түгжээд, мэдээллээ бие биедээ тараагаад нуугаад алга болчихдог, нарийн зохион байгуулалтанд орчихсон сүлжээ байгаа юм. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн байгууллагууд, Гааль, хяналтын байгууллага болон орон нутгийн удирдлагатай хамтран нарийн зохион байгуулалт хийж, мөн хуулийг нь баталж байж газар нутгийг хамгаалалтандаа авч, хариуцлага тооцож, татвараа авч, нөхөн сэргээлт хийдэг болох юм.”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн төрийн түшээ хүний тууштай зан итгэл авч сонгогдсон тойрогтоо тогтмол очиж, иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу газар дээр нь очиж үздэг байдлаас харагддаг.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт байрлах Гутайн даваанд уул уурхайн компаниуд олон жилийн олборлолт хийснээр Гутайн гол тасалдаж, ширгэхэд хүргэсэн. Тиймээс зарим компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг өмнөх Засгийн газар гаргаж байсан.

Б.Бат-Эрдэнэ гишүүн Гутайн даваанд хоёр сард нэг удаа тогтмол очиж байдалтай танилцан, орон нутгийн иргэд, удирдлагуудтай уулзаж байгаа юм.

Ц.Соёлмаа