Эрдэнэ.С 2018.12.13 | УИХ-ын гишүүний Ажлын алба

С.Эрдэнэ: Эрх баригчид сандал суудал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэхээс өөр ажил хийхгүй байна

С.Эрдэнэ: Эрх баригчид сандал суудал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэхээс өөр ажил хийхгүй байна

Ардчилсан нам өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр эрх баригч МАН дотроо хуваагдаж, сандал суудлын тэмцэл хийж явах хооронд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улстөрийн нөхцөл байдал урд өмнө байгаагүй хэмжээнд хүртлээ доошоо орж байна.

Өнөөдөр Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хэтэрлээ. 2016 онд МАН-ын дэвшүүлж байсан өрнөөс гаргах мөрийн хөтөлбөр нь өнгөрлөө. Бүрэн эрхийн хугацаа нь удахгүй дууслаа. Энэ хугацаанд амласнаа хийж амжих эсэх нь эргэлзээтэй.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьдаг гуравхан ажилтай. Гүйцэтгэл байхгүй. Нефтийн үйлдвэр барьж байгаа гээд л байгаа. Эхэлсэн үгүй нь мэдэгдэхгүй байна.

Цэвэрлэх байгууламжийн ажил юу болсон бэ. Ажлын гүйцэтгэл нь хэдэн хувьтай явж байгаа юм бэ.

Саарал ус, цэвэр усны асуудлыг шийднэ л гэсэн. Аль 2013 онд л энэ усны талаар гэрээ хэлэлцээр яригдаж байсан. Саяхан тэр гэрээнд очиж гарын үсэг зурсан. Шударга ёс л гээд яриад байгаа, ярьсаар байгаад Монгол Улс хөгжих юм уу.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. Үүнийг хэн ч ярихгүй байна.Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт дахин их байгаа учраас сүүлийн 3 хоногт SOS аюулын дохио дуугарлаа.

Гэтэл өнөөдөр яг өвлийн эд ачаалалтай, агаарын бохирдол ихтэй энэ цаг үед Нийслэлийн удирдлагууд солигдож байна. Шинэ дарга нь одоог хүртэл томилогдоогүй байна. Хэзээ томилогдох юм. Яагаад он гараад энэ халаа сэлгээгээ хийж болоогүй юм. Засгийн газар утааны асуудалд дорвитой нэг ч алхам хийхгүй байна. Тиймээс АН-ын зүгээс эрх баригчдад агаарын бохирдлын асуудлаар анхааруулга өгч байна. Энэ асуудалд бид цаашид зүгээр сууж чадахгүй гэдгийг хэлмээр байна.

Мөн бензин шатахууны үнэ хэмжээгээ алдлаа. Өчнөөн 100 мянгаар нэмэгдчихээд 100хан төгрөгөөр буулгаж, хэнийг хуураад байгаа юм.

Улстөрчид талцаж, дотроо сандалаа булаацалдах нь бүр сүүлийн асуудал. Улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чинь хамгийн эхний асуудал биз дээ.

Долларын ханш хэмжээгээ алдлаа. Цаашид хэд хүртэл нэмэгдэхийг бид мэдэхгүй. Мөнгөний бодлого хариуцаж байх ёстой Монголбанк өнөөдөр юу хийж байна вэ? Хэн ч ойлгохгүй хэлээр хэдэн юм тайлбарлаад байна. Ханшийн өсөлтийг барьж чаддаггүй юм бол, ард түмэндээ яагаад өсөөд байгааг нь ойлгомжтой тайлбарлаж өгч чаддаггүй юм бэ.

Ардчилсан нам өнөөдрийг хүртэл улстөрийн тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, хүлээцтэй хандаж ирсэн. Бид аль болох нийгмийг бухимдуулахгүй байх тал дээр ажиллаж ирсэн.

Гэтэл өнөөдөр эрх баригчид өөрсдөө нийгмийн амгалан тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Эрх баригчид сандал суудал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэхээс өөр ажил хийхгүй байна.

МАН Засгийн эрх аваад Чингис, Самурай бондын нийлбэр дүнгээс маш их хэмжээний өр тавьжээ. Саяхан 500 сая доллар нэмж өр тавьсан. Ингээд 2.6 жил засаглахдаа нийт 4 тэрбум долларын гадаад өртэй болсон байна. Энэ долларын үр дүнд яг юу хийсэн бэ. Ямар бүтээн байгуулалт хийсэн гэсэн мэдээлэл огт алга.

2.6 жилийн хугацаанд Эрх баригчид шилэн дансны тухай хуулийг нэг ч өдөр хэрэгжүүлсэнгүй. Монгол Улсын гадаад өр 2016 оны зургаадугаар сард 24.2 тэрбум ам. доллар байсан. 2018 онд 27 тэрбум 745 сая ам. доллар болсон байна.

2016 оны хоёрдугаар улиралд Монгол Улсын Засгийн газрын нийт өр 16 их наяд 618 тэрбум төгрөг байсан бол, 2018 оны хоёрдугаар улиралд 21 их наяд 81 тэрбум төгрөг болсон байна. 

Сүүлийн 3 жилийн төсвийн алдагдал нийлээд 7 их наяд төгрөг болж байгаа. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Засгийн газрын үед үйлдвэрлэж байгаагүй юм. Өрөөр хамгийн их улстөрждөг улстөрийн хүчин өнөөдөр Монгол Улсын  тусгаар тогтнол аюулгүй байдалд бодитойгоор аюул учруулах хэмжээний өрийг ирээдүй, хойч үедээ үйлдвэрлэж үлдээж байна" гэлээ.

"Хэрэгждэггүй хууль, биелдэггүй тогтоолоор Монгол дүүрчихэж"

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Төсөв санхүүгийн хувьд энэ Засгийн газар хамгийн таатай байна. Төсвийн орлого бараг 1.5 их наядаар давж биелж байгаа таатай орчинд ажиллаж байна.

Гэсэн хэдий ч улсынхаа, ирээдүйн өв сангийн хуримтлалыг үүсгэх ямар ч ажил хийж чадсангүй. Улсын гадаад валютын нөөцийг нэмэх тал дээр дорвитой ажиллаж чадахгүй байгаа.

Яг энэ цаг үед гадаад валютын улсын нөөцөө нэмж хуримтлуулах ямар их шаардлага байгаа билээ. Энэ тал дээр энэ Засгийн газар анхаарч ажиллахгүй байна.

Хэрэгждэггүй хууль, биелдэггүй тогтоолоор Монгол дүүрчихэж. Монгол төрийн ажил явахаа больсон байна" гэв.

"Нэг улсаас гадаад зээл авах асуудлыг хязгаарлах хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Гадаад өрийн хэмжээ нэмэгдэх нь улс эх орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа нэг улсаас гадаад өрийн хэмжээ нэмэгдэх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж байгаа.

Тухайлбал, БНХАУ Тажикистанд зээл өгсөөр байгаад ДНБ-ийнх нь 50-аас дээш хувь нь гарсан. Үүнийгээ төлж чадахгүй Тажикистан тодорхой нэг газраа өгсөн.

БНХАУ-аас Монгол Улсад өгч байгаа зээлийн хэмжээ өнөөдрийн байдлаар 33 хувьд хүрсэн. Одоогоор нийтдээ 3 тэрбум 628 сая долларын зээлийг БНХАУ-аас авсан байна. Тиймээс цаашид нэг улсаас зээл авах асуудлыг хязгаарлах нь зүйтэй" гэлээ.