Бямбацогт.С 2019.01.03 | News.mn

"Хоёр талаасаа уулзсан ч үр дүнд хүрэхгүй байна"

"Хоёр талаасаа уулзсан ч үр дүнд хүрэхгүй байна"

Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.

-Намрын чуулган завсарлахад сарын хугацаа үлдсэн. Гэвч чуулганы үйл ажиллагаа гацсанаас олон чухал хуулийн төслүүд хүлээгдэж байна. Хувь гишүүнийхээ хувьд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

– Намрын чуулган төсөв баталснаас өөрөөр үр дүн тун  багатай хуралдаж байна. Үүнд  хувь гишүүний хувьд үнэхээр харамсаж байна. Бид 2015 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гээд Монгол Улсыг урт хугацаанд яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлогын үзэл баримтлалыг баталсан.

Өөрөөр хэлбэл бодлогогүй, бодлого буруу, тогтворгүй байна. Иймээс Монгол Улсыг хөгжүүлэхэд тодорхой бодлоготой болъё. Энэ бодлогыг аль ч улс төрийн нам гарч ирсэн өөрчилдөггүй, Засгийн газар солигдсон ч хэрэгжүүлдэг байх ёстой гэдэг үүднээс хуульчилж баталсан. Энэ бодлогын хүрээнд нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль орчин зэрэгт үндсэндээ томоохон бодлогыг тусгасан.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 2016 онд гарсан МАН-ын Засгийн газар бодлогоо тодорхойлж урт, дунд хугацааны бодлогоо дэвшүүлсэн. Энэ хүрээнд урт хугацааны бодлогод тусгагдсан шийдэгдэх ёстой нэг бол Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Үндсэн хуулиар гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлье, жил зургаан сар, хоёр жилд гэх мэт  байнга Засаг солигддог асуудлыг цэгцэлж  дөрвөн жилийн хугацааг гүйцээдэг тийм гүйцэтгэх засаглалтай болох юмсан гэдэг үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг МАН ч тэр 2012-2016 онд эрх барьж байсан АН ч ялгаагүй  дэвшүүлж байсан.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулж мөн Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр намрын чуулганд төлөвлөсөн байсан. Харамсалтай нь, намрын чуулган өндөрлөхөд сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Үүнд нэг талаасаа харамсаж байгаа юм.

-Намрын чуулган үүргээ гүйцэтгэж чадсангүй гэж ойлгож болох уу?

-Төлөвлөсөн ажлуудаас томоохон зорилтуудаа биелүүлж чадсангүй. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв зэрэг батлах ёстой төслүүдийг баталсан. Гэвч эдгээрийг дагасан томоохон асуудлуудыг шийдэж чадахгүй байна. Өнөөдөр яах аргагүй ард иргэдийн дунд улс төрийн намуудын нэр хүнд унасан.

Тиймээс үүнтэй уялдуулж улс төрийн намуудыг хэрхэн өөрчилж шинэчлэх вэ гэдэгт томоохон бодлого гаргах ёстой. Үүнд УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг үндсэндээ бид бэлэн болгочихсон. Харамсалтай нь УИХ хуралдаж чадахгүй байгаа нь ажил явахгүй нэг гацаа болж байна.

-Ёс зүйн дэд хорооны хурал ирц хүрэхгүйн улмаас хэдэнтээ хойшлогдож байна. Өчигдрийн хуралдаан мөн л хойшлогдлоо. Тус дэд хорооны даргын хувьд гишүүдийнхээ ирцийг яагаад бүрдүүлж чадахгүй байна вэ?

– УИХ-ын гишүүн ард түмний өмнө тангараг өргөдөг. Өргөсөн тангарагтаа үнэнч төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэгтэй гэдгээ УИХ-ын гишүүд анхаарах хэрэгтэй.

-МАН бүлэг үүсээд байгаа асуудлаар хоёр талаасаа уулзсан уу?

-Уулзахгүй байна. Бүлгийн дарга өнөөдрийн чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Оны өмнө тодорхой хүмүүс уулзсан ч  харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Өнөөдөр бүлгийн хурлыг үдээс хойш хуралдуулж ямар нэгэн шийдэл гарах байх гэж найдаж байна.

-УИХ-ыг тараах саналыг зарим гишүүд гаргаж байгаа. Та үүнийг дэмжиж байна уу?

-Ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлж Засгийн газар, нам ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тиймээс үүргээ ухамсарлах хэрэгтэй. Үнэхээр чадахгүй байгаа бол заавал УИХ-ын гишүүд байгаад байх шаардлагагүй.