О.Баасанхүү 2019.01.08 | Өдрийн сонин

О.Баасанхүү: УИХ-ын даргын эсрэг юм бол тэр хүнтэйгээ ярь. Чуулганы хуралдуул л суу л даа

О.Баасанхүү: УИХ-ын даргын эсрэг юм бол тэр хүнтэйгээ ярь. Чуулганы хуралдуул л суу л даа
Өдрийн сонин

УИХ-ын гишүүн О.Баасанхүү бойкот хийж буй 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах боломжтой хуулийн төслийг өргөн барьж, хуулийн хүрээнд асуудлыг шийдэх боломжтой хэмээн байр сууриа илэрхийллээ.


-Чуулганы хуралдаан дахин хойшиллоо. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ард түмэн 65 гишүүнийг Үндсэн хуулийг өөрчилж болно, УИХ-ыг тарааж болно гээд эрхийг нь өгсөн. Нөхдүүд сонгуульд орохдоо бүгд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, намайг сонгоод өгөөч, би сонгогдвол ажил хийе гээд УИХ-ын гишүүн болсон гэж ойлгож байна. Миеэгомбын Энхболд гэдэг хүнийг огцруулж, тэр хүнтэй тэмцэнэ гэж УИХ-ын гишүүн болсон гэж ойлгохгүй байна. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын хамгийн мундаг, хамгийн хайртай хүн гээд, УИХ-ын дарга болоход нь 65-уулаа кноп дараад сонгосон шүү дээ. Одоо юунаас болоод чуулганыг хуралдуулахгүй байгааг ойлгохгүй байна. Тэмцээд байна гэх юм. Юуны төлөө тэмцээд байгааг нь ойлгохгүй байна. Тэмцэл улс төрийн, эдийн засгийн гэсэн хоёр хэлбэртэй. Эдийн засгийн гэхээр мөнгө, цалин хөлс, санхүү гээд эдийн засгийн агуулгатай шаардлага тавьдаг. Харин улс төрийн тэмцэл нь эрх мэдэлд хүрэхийн төлөө байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүнийг чөлөөлөөд би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болоод төрийн эрх мэдэлд гараад та нарын хийж чадаагүйг бид хийнэ гэдэг. Гэтэл эд нар чинь өөрсдөө эрх мэдэлтэй байж, эрх мэдлийн асуудлаар тэмцэл хийнэ гэхээр би ойлгохгүй байгаа юм. М.Энхболд огцор, огцрохгүй бол нийт ард түмний хурцын хурц тэмцэл хийнэ ч гэх шиг.Хэний эсрэг хэн тэмцээд явааг ойлгохгүй байна. Яагаад гэхээр өөрсдөө гаргаж ирээд дараа нь өөрсдөө больё гэдэг чинь тэдний л асуудал биз дээ. Энэ УИХ-ын үйл ажиллагаанд ямар хамаатай юм бэ. Их тэнгэрийн гадаа зогсоод, жагсаад оруулахгүй гээд зам дээр нь дээшээ харж хэвтээд, хувцас хунараа тайлаад ингээд яв л даа. УИХ гэдэг бол шал өөр асуудал. Ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох, Зөрчлийн хуулийг өөрчилье, Эрдэнэтийн 51 хувийн асуудалд сар бүр 1.2 сая ам.долларын торгууль тавиад байгаа зэрэг яаралтай шийдэх олон асуудал байна.

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл оруулж ирээд энэ асуудлыг шийдэж болно гэж та үзэж байна уу?

-УИХ-ын даргыг би өргөдлөө өгчих гэсэн “Үгүй” гэсэн. Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл хажууд нь байсан, миний гэрч. Би үүнээс илүү яах юм бэ. Тэр хүн нь “үгүй” гэж байвал 40-үүлээ юм чинь хуулиа өргөн бариад түүнийг нь батлахгүй байна гээд тэмцвэл би ойлгоно. Гэтэл ийм боломж байхад хийхгүй байж, УИХ-ын чуулганыг бойкотолно гэдэг ард түмнээ барьцаалж, ард түмнээ доромжилж, шаардлагатай хэрэгцээтэй зүйлийг хийхгүй төрийн үйл ажиллагааг санаатай гацааж байгаа олигархуудын бүлэглэлийн дайн байна гэж харж байна. Эрх нь байгаа юм чинь УИХ-ыг тараая гэвэл тараа. Миний хэлээд байгаа гол санаа бол энэ нөхөд хэний эсрэг тэмцэж байгаагаа ойлгохгүй байна. УИХ-ын даргын эсрэг юм уу, УИХ-ын эсрэг юм уу. УИХ-ын даргын эсрэг юм бол тэр хүнтэйгээ ярь. УИХ-ын даргыг орлох хоёр хүн байна. Чуулганыг хуралдуул л даа. УИХ-ын чуулган хуралдахаар эд нар өөрсдөө балрах гээд байна шүү дээ. ЖДҮХС-гийн асуудалтай холбоотой 20 гаруй гишүүний хавтаст хэрэг бэлэн болчихсон өнөөдөр ч өргөн барихад бэлэн байна. Үүнийг би ч хэлээд байгаа юм биш намын бага хурал дээрээ Ц.Нямдорж хүртэл хэлсэн байна лээ. Би Ерөнхий прокурортой уулзаж асуусан. Эд нар чинь аймшигтай юм байна. Авлига авчихаж. Мөнгө угаачихаж. Гурван хувийн хүүтэй зээл аваад, 60 хувийн хүүтэй зээл олгосон байна. Энэ чинь гэмт хэрэг биш юм уу. Нэг хүнтэй тэмцэх гэж байгаа юм бол тэр хүнтэйгээ л тэмц. Гэр оронд нь, тэр Их тэнгэрийнх нь гадаа очоод тэмц. Төрийн ажлыг гацааж байгаа зорилгоо МАНАН энэ тэр гэж худал ярихаа боль.

-МАНАН-гийн эсрэг тэмцэж байна гээд байгаа шүү дээ?

-МАНАН-гийн эсрэг тэмцээгүй. МАНАН-гийнхан МАНАН-гийн эсрэг тэмцэхгүй шүү дээ. Энэ бүхний цаад зорилго нь Монгол Улсыг, Монгол төрийг чадамжгүй болгох гээд зохион байгуулалттайгаар гадны гар хөл болоод явж байна гэж би хардаж байна. Өнөөдрийн дотор энэ асуудлаа зогсоохгүй бол би хуралдаа суухгүй байгаа гишүүдтэй очиж лайв бичлэг хийнэ. Та юуны төлөө тэмцэж байгааг нь асууя. М.Энхболдтой тэмцэж байвал түүнтэйгээ л тэмц.

-Таны хувьд үүн дээр ямар нэгэн гарц, шийдэл бий юу?

-Манай нам 76-уулаа сонгуульд орсон. 75-ыг нь ард түмэн боль, О.Баасанхүү та ажилла гэсэн. Би ажлаа хиймээр байна. МАН ч гэсэн 76-уулаа сонгуульд өрсөлдсөн 65-ыг нь ажилла гэсэн. Гэтэл нөгөө 65 нь хоорондоо тэмцдэг хошин шог. Тиймээс бүгд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах хэрэгтэй. Та нар ч асуу, би ч уулзъя. Хаалга үүдийг нь балбая. Намын дарга хүн намаасаа хөөдөг юм уу, яадаг юм зөндөө арга байна. Би аргаа бараад хэлсэн надад бүлгийн даргынхаа ажлыг өгчих өө, би долоо хоногийн дотор асуудлыг шийдэж чадна гэсэн. Уг нь хүний намын асуудал юм даа гээд харзнаад соёлтой хандаад байсан чинь сүүлдээ хатуухан хэлэхэд шоронд орохгүй гэсэн цөөхөн хоног амь зогоож байгаа хэлбэрийг харахаар ичиж үхэж байна. У.Хүрэлсүхийг, Х.Баттулгыг би мэднэ ээ. М.Энхболдыг ч мэднэ. Энэ нөхөд өнөөдөр Монгол төрөөр ингэж тоглох болоогүй. Монгол төр эд нарт буянаа өгсөн. Төрийн хамгаалалтад, төрийн цалин аваад, эрх мэдэлтэй том дуугарах эрхтэй болсон. Тэгээд өнөөдөр Монголын ард түмнийг доромжилж болохгүй. Төрийн ордонд ирж ажлаа хий. Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох эрх нь өөрт нь байхад яагаад ажлаа хийхгүй байгаа юм, У.Хүрэлсүх. М.Энхболдтой, М.Энхболдгүй эдгээр асуудлыг шийдэх боломж байна шүү дээ. Юу ч хийж чадахгүй байгаа юм шиг нэг хүнтэй тэмцээд байгааг нь ойлгохгүй байна.

Э.ЯНЖМАА