Д.Сарангэрэл 2019.01.15 | medee.mn

Д.Сарангэрэл: Хүүхэд нь өвдсөн эхчүүдэд цалинтай чөлөө олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна

Д.Сарангэрэл: Хүүхэд нь өвдсөн эхчүүдэд цалинтай чөлөө олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр болсон Улсын онцгой комиссын хуралдааны үеэр томуу, томуу төст өвчний асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өглөө. 

-Томуу, томуу төст өвсний дэгдэлтийн  талаарх тоон мэдээллийг өгнө үү. Зарим аймгуудад хөл хорио тогтоох хэмжээнд хүрсэн талаар сая яригдлаа?

- Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 9.3 хувьтай байна. Улаанбаатар хотод 7.1 байгаа. Амбулаторийн нийт үзлэгийн 9.3 хувийг эзэлж байгаа. Эрүүл мэндийн яам долоо хоног тутам томуугийн дэгдэлтийн судалгааг 70 нэгжид хийж байна. Тандалт судалгааны үр дүнгээр амбулаторийн үзлэгийн 15 хувийг эзэлвэл хөл хорио тогтоодог. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний эзлэх хувь 9.3 хувь байгаа ч Төв, Дорнод аймагт 15 хувьд хүрсэн. Энэ нь хөл хорио тогтоох нөхцөл байдал гэсэн үг.

-Нийслэлийн  эмнэлгүүдэд орны хүртээмж хэр бэ. Ор дэлгэх арга хэмжээ авч ажиллаж байгаа юу?

-Нийслэл хотын хэмжээнд 977 хүүхдийн ор бэлтгэсэн.Өнгөрсөн долоо хоногт 723 хүүхэд нэмэгдлээ. Орны ачаалал нэмэгдлээ. Хэтрэлт 73 хувьтай байлаа. Энэ долоо хоногт харьцангуй аядуу эхэлж байна. Орны хэтрэлт 52.3 хувьтай байгаа. Гурван жилийн өмнө эмнэлгийн коридорт авсан зургийг соошл орчинд их явж байна. Эмнэлгийн коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлээгүй. Өмнөх жилүүдээс харьцуулвал эвхдэг оронд авч байна. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Гэхдээ нэгэнт хүүхэд өвдсөн, ор байхгүй учраас гал унтраасан маягаар хүүхдээ авч байна. Эмчийн өрөө, сувилагчийн өрөө, сургалтын өрөө бүгдийг чөлөөлсөн.

-Эмч, эмнэлгийн ажилчдын ачааллыг бууруулах чиглэлд тодорхой ажлууд хийгдэж байгаа юу?

-Өдөр шөнөгүй босоогоор, маш их стресс дунд ажиллаж байгаа эмч нарыг бас ойлгох ёстой байх аа. Эмч нарын хэлж буйгаар нэгдүгээр сарын 02-07-ны өдрүүдэд ханиад томууны өвчлөл маш их нэмэгдсэн. Энэ нь эмч нарын хэлж байгаагаар эцэг эхчүүд шинэ оны үеэр хүүхдүүдээ гадуур авч гарсан, мөн дааруулсан, олон хүнтэй газраар дагуулж явснаас болсон гэж үзэж байгаа.

-Жил бүр шинэ тутам вирус  тархаж, эдгээх аргачлал нь өөрчлөгдөж байгаа. Салбарынхан  энэ жил тархаж вирусыг хэрхэн тайлбарлаж байгаа вэ?

-Хүн амын дунд таван төрлийн вирус эргэлдэж байна. Үндсэндээ амьсгалын дээд болон доод замыг гэмтээдэг.Үүнээс болоод бага насны хүүхдүүд маш хурдан хатгаа болж хүндэрч байна. Хавар ч гэсэн хүний дархлаа унадаг учраас аль болох олон хүнтэй газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, шилжилт хөдөлгөөн хийхгүй, дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх, хувийн ариун цэврийг сахих, гэртээ болж өгвөл шүүлтүүр тавих зэргээр урьдчилан сэргийлэхийг сануулж байна. ДЭМБ-аас өнгөрсөн тавдугаар сард мэргэжилтнүүд ирж мэдээлэл хийхдээ амьтны гаралтай вирус нь хүний томуу томуу төст өвчний вирустай мутацид орж цоо шинэ вирус дэгдэх вий гэж анхааруулж байжээ. Харин тийм зүйл болоогүйд талархаж байна.

-Салбар яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комисст тодорхой хүсэлт гаргав уу?

-Вирусын өвчлөл дэлхий дахинд их байгаа учраас гал унтраах байдлаар явж болохгүй гэж үзсэн учраас 500-аас доошгүй ортой хүүхдийн шинэ эмнэлэг бариулах талаар Улсын онцгой комист санал гаргалаа. Үүнээс гадна вакцины ач тусыг олон нийтэд таниулах, хатгааны эсрэг вакцин хийлгэж урьдчилан сэргийлэх талаар санал гаргасан. Мөн хүн амынхаа 40-45 хувийг вакцинжуулахад зарцуулах, 1.3 сая тун вакцин авахад шаардагдах 10 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгаж өгөх хүсэлт гаргасныг дэмжлээ.

-Хүүхэд нь өвдсөн эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох асуудлыг шийдэх үү?

-Цалинтай чөлөө олгох асуудлыг харин маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанд оруулна.

Г.ИТГЭЛ