Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри-г хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри-г үүрэгт ажлаа дуусган, нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн хугацаанд талуудын хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон бүхий л ажлууд амжилттай хэрэгжсэн болохыг онцлон тэмдэглээд эдгээр санал санаачлага, үйл ажиллагаануудыг ажлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт, идэвх зүтгэл гарган ажилласанд Элчин сайд Жон Лангтри-д талархал илэрхийллээ.
Үүний дараагаар Элчин сайд Жон Лангтри хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаанд гарсан ололт амжилт, хийгдсэн ажлуудыг дурьдаад ялангуяа хүний хөхөнцөр вирүсийн эсрэг дархлаажуулалтад ихээхэн ахиц дэвшил гаргахад ЭМЯ-ны манлайлал, оролцоо чухал байсныг онцлон хэллээ. Мөн тэрээр “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Австрали Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК хамтран хэрэгжүүлж байгаа нь тус аймгийн эрүүл мэндийн салбарын нэгдсэн цогц байдал, харилцан уялдаа холбоо, зохицуулалтыг хангах, тус аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ.
Уулзалтын явцад талууд дээрх болон хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад санал санаачлагын талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Сайд Д.Сарангэрэл хамтын ажиллагааны эдгээр саналуудыг талархалтай хүлээн авч байгаагаа илэрхийлж, Элчин сайдын цаашдын ажилд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.