Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасаг нээнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасаг нээх хөрөнгийг шийдвэрлэснээ НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр тус эмнэлэгт ажиллах үеэрээ мэдэгдлээ.
Шүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэх зорилгоор 1986 онд тус эмнэлгийг байгуулж байх үед нийслэл хотын хүн ам 500-600 мянга байсан бол сая гаруй оршин суугчтай болсон өнөөгийн нөхцөлд 74 ажилтантайгаар 100-130 мянган хүнд үйлчилж, ачаалал ихэсч, шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байгааг эмнэлгийн орлогч дарга Б.Өнөрбилэг хэллээ. Түүнчлэн тус эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний эмчилгээ үзүүлдэг улсын хэмжээний ганц эмнэлэг гэдгийг дурдав.
НИТХ-ын дарга С.Амарсайхан эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад, "Нийслэлийн шүд эрүү нүүрний эмнэлгийн барилгын хөрөнгийг өнгөрсөн жил нийслэлээс шийдэж өгсөн. Эмнэлгийн удирдлага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасгийг байгуулах төсөл боловсруулсан ч хөрөнгө мөнгийг нь шийдэж чадалгүй 2-3 жил болжээ. Өнөөдөр бид газар дээр нь ажиллахдаа, энэ тасгийг нээхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаагаа хүргэдэг хиймэл шүдний лабораторийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болгоход анхаарна" гэлээ.
НИТХ-ын дарга С.Амарсайханыг дагалдан НИТХ-ын төлөөлөгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс ажиллалаа.