У.Хүрэлсүх 2019.01.31 | Телевиз: MNCTV

Ерөнхий сайдын нэрэмжит шагнал гардууллаа

Монгол Улсын Еөрнхий сайд У.Хүрэлсүх 01 дүгээр сарын 28-нд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Жаахан шарга театрт төрийн албан хаагчидтай уулзаж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан эрүүл мэнд болон боловсролын салбарын тэргүүний ажилчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал гардуулав.

Тэрээр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, “Ерөнхий сайдын ажлыг аваад улс орны эдийн засгийг сэргээх, төрийн албаны сахилга, хариуцлагыг сайжруулахад голлон анхаарч ажилласан. Үүний үр дүн ч гарч байгаа. Анх засаглал авах үед улс орны эдийн засаг хүнээр яривал сэхээнд байгаа өвчтөн шиг л байсан. Зөв бодлогын үр дүнд 2018 оны жилийн эцсийн үзүүлэлтээр эдийн засгийн бүх үзүүлэлтүүд өссөн, гадны улс орнуудад манай улсын нэр хүнд өслөө. Цаашид бид яг л энэ эрчээрээ ажиллах болно. Үүний тулд төрийн албан хаагчид та бүхэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, иргэдийн татвараар цалинжиж байгаа учир хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэгч, иргэдэд хүртээгч нь та бүхэн. Тиймээс иргэн бүртэй тэгш харьцаж, төрийн хүн гэдгээ ямагт санаж яв. Мөн элдэв авилга, хахуулиас ангид байхыг онцгойлон анхааруулж байна. Хэрвээ төрийн албанд байж мөнгөжих, баяжихыг хүсч байгаа бол одоо шууд ажлаа өгөөд хувийн хэвшилд очиж ажиллах хэрэгтэй.” гэдгийг онцгойлон анхааруулав.