О.Баасанхүү 2019.01.31 | Vip76.mn

О.Баасанхүү: Тусгай хамгаалалтанд авсан хэрнээ баячууд нь хуваагаад авчихдаг шүү

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Яг одоо энэ төслийг хэлэлцэн батлахад УИХ-ын гишүүдийн ирц хангалттай биш байна. Энд 11 хүн байна. Хэрвээ одоо хэлэлцээд санал хураавал байгалиа хамгаалая гэсэн тогтоол унах эрсдэлтэй байгаа тул татаж аваад ирц бүрдсэн үед нь баталвал дээр юм.

Нөгөө талаар тусгай хэрэгцээнд авахаараа байгалиа хамгаална, нөгөө талаас аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг. Гэхдээ тусгай хамгаалалтанд авсан хэрнээ баячууд нь хуваагаад авчихдаг шүү дээ. Хоригловол бүр мөсөн хоригло.

Тэрэлжийг цөлмөөд дууссан. Зайсан, Бага тэнгэрийн ам, Яармагийн дэнж энэ тэр гээд хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан хэрнээ эзэмшүүлээд өгчихдөг. Үүнийгээ болих хэрэгтэй.”

Түүний асуултанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариуллаа.