Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Беларусь улстай хийх хэлэлцээрийг соёрхон баталлаа
2019.01.31

Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Беларусь улстай хийх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.

Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Монгол Улс одоогийн байдлаар 15 улстай гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна.  Бүгд Найрамдах Беларусь Улстай Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний төслийг хоёр тал 2016.03.11-ний уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018.06.04-ний өдөр Минск хотноо гарын үсэг зуржээ.

Тус гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломж бүрдэх юм.

Төслийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Тус байнгын хорооноос гэрээг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь гэрээг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ.