О.Баасанхүү 2019.02.01 | Vip76.mn

О.Баасанхүү: Сайн засаг эрүүл мэнд, боловсролын салбараа хөгжүүлж чаддаг

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Нохой жилд та бүхэн нохой шиг уралцаад дууслаа. Азийн орнууд гахай жилийг баяжиж арвижих бэлгэдэл гэж үздэг. Тиймээс гарах жилд ард түмнээ баяжуулах, тайван амгалан байхад нь амлалт өгч байгаад баяртай бөйна. Давхар дээл гэж Ц.Элбэгдоржын гаргаж ирсэн үгийг МАН-ынхан бэхжүүлж давхар дээлийн эсрэг жагсаж байсан.

Боловсрол, соёл, спортын салбараа өөд нь татмаар байна. Энэ салбар асар их мөнгөтэй салбар. Сайн засаг эрүүл мэнд боловсролын салбараа хөгжүүлж чадсан засгийг хэлнэ. Тиймээс энэ салбарын яамыг тайван амгалан урт хугацаанд удирдуулах ёстой байсан юм. Манайд бол өмнөх сайдын ажлаа уламжлан явдаггүй уралцаж няцаалцдаг хүмүүс.

Дараагийн сайдыг Ц.Цогзолмаа сайдаас дээрдүүлээд явах хэрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нар нь тогтдоггүй. Шүүх дээр маргаантай. Шүүхийн шийдвэр гарсан ч томилдоггүй. Олон сайд нар солигдож байгаа юм чинь сайд нарыг нь дугаарладаг болмоор байна.”