О.Баасанхүү 2019.02.15 | Өдрийн сонин

О.Баасанхүү: Шинэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэргийг дахин авч үздэг

О.Баасанхүү: Шинэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэргийг дахин авч үздэг

УИX - ын гишүүн О.Баасанхүүгээс С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.

-Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж, С.Зоригийн хэрэг задрах нь гэх мэдээлэл гарах боллоо. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Улсын Ерөнхий прокурор чуулганы нэгдсэн хуралдаан дээр С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг ямар түвшинд явж байгаа талаар ярьсан. УЕП-ын зүгээс прокурорын байгууллага ажлын хэсгийг ахалдаг байсныг болиулаад хууль хяналтын байгууллага ахлах болсон гэдгийг хэлсэн. Прокурорын зүгээс зөвхөн хяналт тавина гэсэн. Хоёрдугаарт, гурван чиглэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Захиалагчийг илрүүлэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг санаатайгаар гуйвуулах олон нийтийг төөрөгдүүлэх замаар гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаанд саад учруулж байгаа эсэх, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байж болзошгүйг тус тус шалгаж байгаа юм билээ.

-Мэдүүлгээсээ буцсан нь хэр бодитой мэдээлэл бол?

-Ц.Амгаланбаатар гэдэг хүн хэргээ задалж, мэдүүлгээсээ буцаж байгаа гэх мэдээлэл ямар замаар тарсныг хэлж мэдэхгүй байна. Гянданд хоригдож байгаа хүн хаалттай байдлаар мэдээлэл өгдөг хууль дүрэмтэй юм. Үнэхээр тийм мэдээлэл гарсан уу, гараагүй юу, гарах гэж байна уу гэдгийг мэдэхгүй юм.

-Хуулиараа мэдүүлгээсээ буцах боломжтой биз дээ?

-Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар тодорхой хэргийг дахин авч үзэх ганцхан шалтгаан байдаг. Тэр шинээр нөхцөл байдал илрэх явдал юм. Мөрдөж, шалгаж, шүүж байх үед нь тогтоох боломжгүй байсан зүйл нь тогтоох боломжтой болсон тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдал үүслээ гэж үздэг. Үүнийг прокурорын байгууллага хянаж үзээд үндэслэлтэй гэж үзэх юм бол Улсын дээд шүүхэд ханддаг. Улсын дээд шүүх нь дахин авч үзээд мөрдөн байцаалтад шилжүүлдэг хуультай юм. Энэ хуулиар одоогийн байдлаар ямар нэгэн зүйл орсон, гарсан гэж харагдахгүй байна.