С.Эрдэнэ 2019.03.07 | News.mn

С.Эрдэнэ: АН-ын дотоод сонгууль ил тод явагдана

С.Эрдэнэ: АН-ын дотоод сонгууль ил тод явагдана

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг. Энэ жил тус намын  ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг  гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан билээ.

ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2019.03.07/ үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр нэр дэвшигчид  энэ сарын 8-наас 22-ныг хүртэл намын гишүүд, дэмжигчидтэй уулзах сурталчилгаа нь  нийт 14 хоног үргэлжлэх юм. Харин ротацийн сонгууль гуравдугаар сарын 24-нд болох аж.

Сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд АН-ын дарга С.Эрдэнэ оролцож “Ардчилсан намын дотоод сонгуулийн ажил албан ёсоор эхэлж байна. Бид дотоод асуудлаа нээлттэй, ил тодоор шийдвэрлэнэ. Ардчилсан намын ямар ч гишүүн ҮБХ-ны гишүүн болох боломжтой. АН-ын гишүүдийн олонхийн саналыг авсан хүн ҮБХ-ны гишүүнээр сонгогдох болно" гэв.

Энэ жилийн хувьд ҮБХ-ны 410 гишүүнээс 112 нь эргэлтийн сонгуульд оролцож байна. Хэнтий аймгаас бусад 73 тойрогт ротацийн сонгууль явагдаж байгаа. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд болон залуусын суудалд эргэлтийн сонгууль явагдаж, эмэгтэйчүүд 14, эрэгтэйчүүд 21 суудал дээр ротаци явагдаж байгаа юм.

Ротацийн сонгуульд нэр дэвшигч нь АН-ын гишүүнээр зургаан сарын өмнө элссэн байх гэсэн хэд хэдэн шаардлагыг тавьдаг.  2018 оны ротацийн сонгуульд 123 хүн оролцсоноос 90 хувь нь буцаад сонгогдсон. Энэ жил ч ялгаагүй 112 хүний 70-80 хувь нь эргээд сонгогдох боломжтой аж.

Тус намын ротацийн сонгууль 2000 оноос эхлэлтэй бөгөөд тухайн онд таван нам нэгдэж, Үндсэн дүрмээ батлахдаа тухайн жилд ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг дээр ротацийн сонгууль явуулна гэж тусгасан байдаг. Энэ талаар  Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал хэлэхдээ "2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын их хурал хуралдаж, Үндсэн дүрмийнхээ хуучин заалтыг сэргээсэн. Ротацийн сонгууль гурав дахь жилдээ явагдаж байна. Ардчилсан намын хэвийн явагддаг үйл ажиллагаануудын нэг нь ротацийн сонгууль. Шинэчлэлийн хүрээнд явагдаж буй намын дотоод үйл ажиллагааны нэг хэлбэр" гэв.

Ш. Адъяамаа