Мөнхцэцэг.Б 2019.03.25 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

“Явган эргүүлийн баг” аянд гуравдугаар хороо тэргүүлжээ

“Явган эргүүлийн баг” аянд гуравдугаар хороо тэргүүлжээ

Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, уг ажилд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг татан оролцуулах, тэдний идэвхи санаачилгад суурилсан хяналтыг бий болгон, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор "Явган эргүүлийн баг" сэдэвт аяныг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

"Явган эргүүлийн баг" аяны хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт өмчлөх эрх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Цагдаагийн 1 дүгээр хэлтэст харъяалагдах нутаг дэвсгэрт бүртгэгдсэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 21,9 хувиар, Цагдаагийн 2 дугаар хэлтэст харъяалагдах хороодын нутаг дэвсгэрт 9,0 хувиар, 3 дугаар хэлтэст харъяалагдах нутаг дэвсгэрт 25,4 хувиар, дүүргийн хэмжээнд 18.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тэгвэл өнөөдөр дүүргийн 32 хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дунд зохион байгуулсан "Явган эргүүлийн баг" хоёр дахь удаагийн аян дүнгээ гаргаж, шагнал гаруулах ажиллагааг зохион байгууллаа.

Аяны тусгай байрт 4 дүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл шалгарсан бол 3 дугаар байрт 8 дугаар хороо, 2 дугаар байрт 22 дугаар хороо, тэргүүн байрт 3 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл тус тус шалгарч шагналаа гардан авлаа. Мөн аяны хугацаанд идэвхитэй сайн ажилласан 10 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан Б.Нэргүй, 21 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтан Б.Отгон-Эрдэнэ нарыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнасан бол цагдаагийн 7 албан хаагчийг ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа.

Мөн арга хэмжээний үеэр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хууль сахиулах байгууллагуудын хүсэлтийг үндэслэн албан хэрэгцээнд зориулан 50 гаруй сая төгрөгийн дуран, энгэрийн камер, гар радио станц, компьютер, мотоцикл, ухаалаг дэлгэц зэрэг техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Мөн цагдаагийн албан хаагчдын идэвхи зүтгэлийг дэмжиж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэр бүхий 8 алба хаагчид иж бүрэн гэр өглөө.