Б.Дэлгэрсайхан 2019.04.12 | Vip76.mn

Б.Дэлгэрсайхан: Орон нутагт байгаа их дээд сургуулиудад анхаарах хэд хэдэн асуудал байна

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа. Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

"Орон нутагт байгаа их дээд сургуулийн материаллаг баазыг анхаарч үзэж байна уу? Жишээлбэл Дорноговь аймагт байгаа Анагаах ухааны дунд сургууль гэж говийн бүх аймгийн сувилахуйн мэргэжилтэн бэлтгэдэг, сүүлдээ дээд сургууль болсон. Гэтэл сүүлдээ төлбөрөөс болдог юм уу? энэ сургуулийн 3-р дамжааны оюутнуудыг төв сургуульруугаа авчихдаг юм байна. Энэ ямар учиртай вэ?

Мөн сувилахуйн мэргэжил олгож байгаа ийм сургууль байхад давхар Анагаахын их сургуульд сувилахуйн мэргэжил олгох сургалт явуулж байна. Ингэхээр төвлөрөл нэмэгдээд орон нутагт элсэгчгүй, эзэнгүй болгоод байна. Энэ тал дээр яам ямар бодлого барьж байна вэ?

Монгол Улсын төмөр замын гол бүтээн байгуулалтын ажил Дорноговь аймагт хийгдэж байна. МСҮТ-д төмөр замын мэргэжлийн анги нээж өгөөч гэж хүсэлт тавьсан ч хариу алга байна. Анхаарал хандуулж өгнө үү? Орон нутагт орон нутгийн иргэн нь л ажиллана. Тиймээс тухайн орон нутагт байгаа МСҮТ-д төмөр замын анги нээх шаардлагатай байна. Одооноос бэлтгэхгүй бол амжихгүй болоод байна."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хариуллаа.