Г.Тэмүүлэн 2019.04.18 | Vip76.mn

Г.Тэмүүлэн: Хариуцлагагүй уул уурхайгаас болж газар нутгаа улс хамгаалалтад авч байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ.

Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ.

Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

"Засгийн газрын зүгээс гол яамд бодлогоо нэгтгэж байж асуудлаа оруулж ирнэ үү? Энэ 22 газрын асуудлыг судлан үзвэл уул уурхайн тусгай зөвшөөрөл, хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй юм.

Хамгийн хүн амын төвлөрөл ихтэй, газар тариалан, аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэнт газартай зэрэгцээд хариуцлагагүй уул уурхайн лиценз олгоод байгаа учраас уул уурхай, аялал жуулчлал, байгаль орчин нь хөгжихгүй байна. Маш их эсэргүүцэл бий болгож байна.

Эрх ашгийн эрэмбээр хандах бодлого баримтлах шаардлагатай."