О.Баасанхүү: ЖДҮ-чин 49 гишүүний ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ болгоно
2019.05.14

О.Баасанхүү: ЖДҮ-чин 49 гишүүний ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ болгоно

Өнгөрсөн долоо хоногт нэг тэрбум гаруй төгрөгийн авлига авсан мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараах асуултад хариулт авлаа.


-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн нь олны анхаарлыг татаж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Гадны ихэнх оронд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэх ойлголт байдаг. Гэхдээ хуулийн байгууллага аливаа хэргийг шалгахаас өмнө хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бол хэргийг хаадаг. Жишээ нь, тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил гэж үзэхэд зургаа дахь жилдээ хэргийг илрүүлэх аваас хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг. Гэтэл манайд аливаа хэргийг шалгаж байгаа хугацаагаа хөөн хэлэлцэх хугацаанд оруулдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гартал гэж байгаа юм.

Өнөөдөр хуулийн байгууллагын сэжигтэнг хорьж шалгах хугацаа нь хоёр жил байна. Дээр нь бүлэг хэрэг, дуулиантай хэргүүдийг олон улсын янз бүрийн байгууллагаар дамжиж оффшорын мэдээлэл авах зэрэгт асар их хугацаа ордог. Зарим нь гадаадад зугтаж гарсан байх жишээтэй. Манай улсын алдаа нь хуулийн байгууллагын шалгаж байгаа хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд оруулна гэж зааж өгсөнд л байгаа юм. Жишээ нь, 2014 онд үйлдсэн гэмт хэрэг байлаа гэж үзэхэд тэр хэргийн шүүх хурал нь 2019 онд боллоо гээд хэргийг хаах боломжтой. 

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийнхөө гаргасан саналыг тайлбарлахдаа хугацаагүйгээр иргэдийг шалгадаг, мөрддөг, гэмт хэрэгтэнд тооцдог, яллагдагчаар татдаг асуудал байсан болохоор өөрчилсөн гэж байна. Ингэхэд үүнийг өөр хуулиар зохицуулах боломж бий юу?

-Монгол Улсын Үндсэн хууль болон бусад эрүүгийн хуульд хуулийн байгууллагын аливаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглодог. Өнөөдөр удаан, хурдан шалгаж байна гэх ойлголт байхгүй. Харин гэм буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтоох ёстой. Гагцхүү хуульд заасан үндэслэлээр нь шалгалт явуулах хэрэгтэй. Хуулийн үндэслэлээр явж байгаа тохиолдолд хугацаатай эсэх нь хамаагүй. Цаг хугацааны ойлголт байх ёсгүй. Тэнд гэм буруутай эсэхийг нь тогтоох ажиллагаа явж байна шүү дээ. Тэгэхээр хуулийн байгууллагын шалгаж байгаа арга хэрэгслийг нь нэг сар, арван сарын дотор дуусга гэдэг ойлголт байж болохгүй. 

-Ерөнхийдөө цагаан захтнуудыг л өмгөөлсөн хууль гэж ойлгож болох нь ээ?

-Тийм, бүгдийг нь суллах зорилготой заалт. Би баталгаатай хэлж чадна. Энэ 49 ЖДҮ-гийн хэрэг хэрэгсэхгүй болно. Дараа нь С.Баярцогттой холбоотой оффшорын хэргийг цагаатгана. Оюутолгойн хэрэг, С.Баярт холбогдох хэрэг, "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг бүгд хэрэгсэхгүй болж, цагаадна. Бүр нарийн ярих юм бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг ч цагаадна шүү. 

-Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг. Тэгвэл жирийн иргэдэд хэр сөрөг заалт вэ?

-Хохирогчдын хувьд хортой. Зөвхөн бүх насаар нь хорих, террорист гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хамаарахгүй. Бусад бүх асуудалд хамаарна гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаа нь хамаарахгүй хэрэг дээр асуудлыг шийдээд явчихаж болно. 

-Хуулийг өөрчилж болно гэж ярьж байна. Гэхдээ хэчнээн өөрчилсөн нь таны дурдсан дээрх хэргүүд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиараа л шийдэгдэнэ биз дээ?

-Яаж ч өөрчилсөн ямар ч нэмэргүй. Өмнө нь болон одоо хулгай хийсэн бүх хүн цагаадна. 

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байх нь хэр шударга, зөв гэж харж байна вэ?

-Дэлхийн аль ч оронд байхгүй. Манайх өнөөдөр авлигачдаараа төр бариулж байна. Тэд ийм хууль гаргахаас өөр сонголтгүй.