М.Билэгт 2019.06.13 | Vip76.mn

М.Билэгт: Авлигатай тэмцэх газрын орон тоог цаашид ч нэмэгдүүлэх ёстой

Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.13/ нэгдсэн хуралдаанаар АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийг гишүүдийн 69.6 хувиар дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

"Авлигатай тэмцэх газрын орон тоог нэмэхийг дэмжиж байна. Цаашид ч нэмэгдүүлэх ёстой. Учир нь Монгол Улсын иргэд төрдөө итгэх итгэл жилээс жилд суларч байна. Одоо төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнуудыг үзэн ядах хэмжээнд хүрээд байна. Энэ бол сүүлийн 28 төр түшилцсэн улс төрчдөөс болж байна. 

Соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх ёстой гэдэгтэй санал нийлэхгүй байна. Төрийн үйлчилгээг илүү сайжруулья гэж энэ албанд очиж байгаа хүн соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой биш шүү дээ. Өөрийн итгэл үнэмшлээр энэ албыг сонгоод очиж байгаа хүн тэр ичглэл, ёс суртахуунаараа байх ёстой.

Ер нь төрийн бүх шатны албан тушаалд очиж байгаа хүнд АТГ тодорхойлолт өгч байгаа. Тиймээс эндээс эхлэх хэрэгтэй. Энэ хүн үнэхээр төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх гэж байна уу албан тушаалаа ашиглах гэж байна уу гэдгийг нягталдаг болмоор байна.

Төрийн бүх шатны албан хаагч иргэдтэй хэрхэн харьцаж байгаагаас төрийг үнэлэх иргэний үнэлэмж, итгэл үнэмшил тогтож байна. Тиймээс эндээс анхаарах ёстой."