Н.Амарзаяа 2019.06.27 | Үндэсний Шуудан

Н.Амарзаяа: Улс нэг тойргоор сонгууль явуулбал төлөөллийн ардчилал хэрэгжихгүй байх магадлалтай

Н.Амарзаяа: Улс нэг тойргоор сонгууль явуулбал төлөөллийн ардчилал хэрэгжихгүй байх магадлалтай

Үндэсний шуудан, сэтгүүлч Б.Цэнд-Аюуш

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг засч, сайжруулж байгааг ажлын хэсгийнхэн хэлж байгаа. та үүнтэй санал нийлэх үү?

-Одоо чуулганыг 50 өдөр хуралдуулах хуулийн зохицуулалттай байгаа. Өмнө нь 75 хоног байсныг 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 50 хоног болгосон. Энэ нь хүмүүсийн хэлдгээр дордуулсан долоон өөрчлөлтийн нэг нь юм. Тиймээс одоогийн төслөөр эргүүлэн 75 хоног болгохоор тусгаж байгаа. Мөн 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийхийг нээлттэй болгосныг энэхүү төсөлд тодорхой хязгаартай байхаар тусгасан.

Харин Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг бүрэн олгож байгаа. Ингэхдээ дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгасан. Гүйцэтгэх засаглалд бүрэн эрх мэдлийг олгож Ерөнхий сайд Засгийн газраа УИХын өмнө бүрэн хариуцах тогтолцоо руу шилжихээр болж байна.

Хэрвээ ингэхгүй бол гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал хангагдахгүй байна. 1992 оноос хойш Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг авч үзэхэд нэг сайдын ажилласан хугацаа нь дунджаар 1.5 жилээс хэтрээгүй байна. 2016 оноос хойш гэхэд Засгийн газар хоёр удаа солигдож, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдыг гурван жилд дөрвөн удаа томиллоо шүү дээ. Эндээс УИХ зөвхөн томилгоо хийдэг байгууллага болчихсон нь харагдаж байгаа юм. Улсын хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах гэхээс илүүтэй томилгоо руу анхаардаг боллоо.

-Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн иргэнийг нэг удаа зургаан жилээр сонгох өөрчлөлт оруулж байгаа юм билээ. Харин энэ зохицуулалтаар өмнө нь төрийн тэргүүнээр ажилласан хүмүүсийг дахин ерөнхийлөгч болгох замыг засах нь гэж улстөрчид шүүмжилж байгаа. Та энэ зохицуулалтыг хэр дэмжиж байгаа вэ?

-1992 оны Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт орж байгаа. Насны хувьд маргаан дагуулсан зүйл бий. Миний хувьд 55 нас гэж зааж байгааг боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүнүүдийг харахад ажлаа өгснийхөө дараа аль нэг компани, аж ахуйн нэгж, эсвэл аль нэг нам эвслийн төлөөлөл болдог. Үүнийг буруу гэж үздэг.

-Өмнө нь бэлтгэж байсан төсөлд уих-ын гишүүний насыг 35-аас дээш гэж заасан байсан. Харин одоо хэлэлцэж буй төсөлд энэ зохицуулалтыг тусгаагүй байна лээ. Яагаад энэ заалтыг хассан юм бол?

-Би энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. 2017 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тойрогтоо хэлэлцүүлэхэд иргэдээс гаргасан саналын дийлэнх нь энэ зохицуулалт байсан юм. Тиймээс ард иргэдээс гаргасан саналыг оруулахгүй байгааг шүүмжилсэн. Үндсэн хуульд судалгаа хийдэг олон төрийн бус байгууллага байдаг юм байна. Эдгээр байгууллагын саналын дагуу залуу хүмүүсийн сонгогдох эрхийг хязгаарлахын зэрэгцээ хууль тогтоох байгууллагад оролцох эрхийг нь хааж байгаа гэж үзсэнээс уг зохицуулалтыг хассан юм билээ. Би төслийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсэгт багтсан учраас төслийг боловсруулах явцад өөр зохицуулалтад санал өгөөгүй.

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохын тулд ажлын хэсгийнхэн юунд илүүтэй төвлөрөв?

-Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр нутгийн удирдлагын байгууллагыг шинэ түвшинд гаргахыг зорьсон. Аймгийн ИТХ, сумын ИТХ гэсэн хоёр сонгууль явуулдаг. Харин одоогийн өөрчлөлтөөр аймгийн ИТХ-ын сонгууль явуулахгүйгээр сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс аймгийн ИТХ-ыг бүрдүүлэхээр заасан. Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж нь сум, дүүрэг мөн гэж тодорхойлсон. Энэхүү өөрчлөлтөд сум, дүүргийн Засаг даргыг нутгийн иргэдээс сонгодог болох нь хамгийн том дэвшил гэж харж байгаа.

Үүнд олон давуу тал бий. Хөгжлийн бодлого сум, дүүргээс эхлэх, үүнд чиглэсэн төсвийн эрх мэдлийг олгох, хуваарилалтыг оновчтой болгох, сумын ИТХ-ын төлөөлөгч дотроос аймгийн төлөөлөгчөө сонгох учраас аймгийн нэгдсэн бодлого нь сумд суурилсан бодлого ярихаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Одоо сумаас сонгогдсон аймгийн төлөөлөгч сумынхаа хуралд оролцох эрх байдаггүй. Нөгөө талаас аль нэг эвслийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй ард иргэдийн засаглах эрхийг хэрэгжүүлэх юм.

-Сум, дүүргийн засаг даргыг иргэд сонгодог болбол итх, засаг дарга хоёрын дунд эрх мэдлийн зөрчил үүсэх юм биш үү?

-Хариуцлага тооцох механизмыг оновчтой зөв оруулах хэрэгтэй. Өргөн барьсан төсөлд дээд шатны Засаг даргаа огцруулаад, дараагийн даргыг томилохоор тусгасан. Хэлэлцүүлгийн явцад уг асуудалд зарчмын зөрүүтэй саналаар өөрчлөлт оруулж, нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Өөрийн сонгосон төлөөллөө буцааж татдаг байх тогтолцоог бий болгох хэрэгтэй.

-Сум, дүүргийн засаг даргыг аймаг, нийслэлийн засаг дарга нь чөлөөлөх зохицуулалттай. харин иргэдийн саналаар сонгогдсон засаг даргыг буцаагаад сонгогчдынх нь саналаар чөлөөлж болох уу?

-Хуулийн төсөлд орхигдуулсан нэг зүйл нь энэ байгаа юм. Тиймээс Байнгын хорооны хурлын үеэр санал хэлж, энэ асуудлыг эргэж авч үзэхээр болсон. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тайлбар өгөхдөө иргэдийн 30 хувь нь саналаа өгсөн тохиолдолд сумын ИТХ нь хэлэлцэж, аймаг, нийслэлийн Засаг дарга нь чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээр оруулах нь зүйтэй гэдгийг хэлж байсан. Энэ саналыг хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор оруулах боломжтой.

-Ардчилсан нам болоод ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, ерөнхийлөгчийн зүгээс өөрийнх нь саналыг аваагүй учраас хууль зөрчсөн гэж албан бичиг хүргүүлсэн байна лээ?

-Байнгын хороо болон намын бүлгийн хурлаар 2017 онд өмнөх Ерөнхийлөгчийн саналыг авсан тухай албан бичгийг үзүүлж байсан. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барихаас өмнө одоогийн Ерөнхийлөгчид танилцуулсан ч тодорхой санал өгөөгүй учраас өргөн барьсан гэдгийг тайлбарлаж байна лээ. Ер нь, Үндсэн хуулийг Монгол Улсын бүх иргэн, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн бүх нам, Ерөнхийлөгчөөс саналыг нь авч, харилцан зөвшилцөлд хүрч, ойлголцож нэгдэж байж өөрчлөх нь хамгийн чухал. Би ийм байр суурьтай байгаа. Хэрэв ойлголцож чадахгүй бол баталж чадахгүй шүү дээ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улс орны эдийн засаг, засаглалын хувьд ямар эерэг өөрчлөлт авчирна гэж харж байгаа вэ?

-Монгол Улсын хөгжилд зохих өөрчлөлтүүдийг авчрах эхлэл тавигдана. Нэгдүгээрт, төрийн эрх мэдэл, шийдвэр гаргалт ихэнх нь дээд түвшиндээ байгаад дүгнэлт хийж нутгийн иргэн өөрөө Засаг даргыг сонгож засаглах эрхээ хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, төсвийн болон татвар бүрдүүлэх, өмчийн зарим хэлбэрийг засаглах эрхийг сум, дүүргийн Засаг дарга нарт олгож байна. Сум, дүүргийн Засаг дарга баг, хорооны Засаг даргыг томилдог болсноор тухайн суманд нэгдсэн төрийн бодлого үйлчилнэ.

Гуравдугаарт, бүх эрх мэдэл аймаг, нийслэлд төвлөрснийг саармагжуулах юм. Дөрөвдүгээрт, 1992 оны Үндсэн хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заасан байдаг. Энэ заалт дээр нэмж “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж оруулж өгсөн. Тавдугаарт, гүйцэтгэх засаглал зөвхөн хуулиа хэрэгжүүлж, бодлогоо тодорхойлж, хөгжлөө урагшлуулдаг, хэн нэгнээс хамааралгүй болж байна. Энэ мэтчилэн олон эерэг өөрчлөлт авчрах болно.

-УИХ дахь МАН-ын бүлгээс төслийг 100 хувь дэмжиж байгаа гэсэн ч санал нийлэхгүй байгаа гишүүд цөөнгүй байна лээ. Энэ нь нэгдсэн ойлголтод хүрээгүй юм болов уу гэсэн хардлагыг төрүүлж байна л даа?

-Би Үндсэн хуулийн асуудалд хувь хүний улс төр хийж болохгүй гэж үзэж байгаа. Хэлэлцүүлгийг олон давтамжтай, үр дүнтэй өрнүүлэх хэрэгтэй. Тэгж байж нэгдсэн ойлголтод хүрнэ. Ард түмэн ч ойлголт авна. Өөрчлөлтөд тусгагдаж байгаа заалтуудыг илүү сайжруулах чиглэлд хүн бүр дуу хоолойгоо хүргэж санал бодлоо хэлэх нь зөв. Өргөн барьсан хуулийн төслийг заалтын дагуу бид өөрчлөх боломж бий. Тиймээс энэ асуудалд мэтгэлцээний зарчим хамгийн чухал. Ард нийтийн санал асуулга явуулна гэж гишүүдийн олонх нь үзвэл одоогийн олон талын байр сууриа илэрхийлж чанартай асуулт асууж хариулт авах нь зөв.

-Үндсэн хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтоохоор оруулж байгаа нь эрх баригч нам өөрт ашигтайгаар сонгууль явуулдаг жишгийг арилгахгүй юм биш үү. Улс орны хөгжлийн бодлого хамаарахгүйгээр өөрсдөдөө ашигтайгаар сонгуулийн тогтолцоог өөрчилдөг байдал олон жил үргэлжиллээ шүү дээ?

-1992 оны Үндсэн хуульд УИХын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэсэн байдаг. Үүнд тогтолцоо гэсэн нэг ч үг байхгүй. Харин энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд УИХын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэж тусгасан. Мөн УИХ-ын ээлжит сонгууль явуулахаас хагас жилийн дотор өөрчлөх заалтыг одоогийн хуулиар нэг жилийн өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж тусгасан. Тогтолцооны хувьд хуулиар тусгайлан тогтоохоор орж ирж байна.

-Улс нэг тойргоор сонгууль явуулах хуулийн төслийг боловсруулж, эрх баригч намын бүлэг дэмжсэн. Та тойргийн хуваарилалтыг дэмжиж байгаа юу?

-Ажлын хэсгээс дөрвөн хувилбарыг танилцуулсан. Жижиг 76, томсгосон буюу олон мандаттай, бүсчилсэн, Монгол Улс нэг тойрог гэсэн дөрвөн хувилбарыг танилцуулсан. Монгол Улсыг нэгдсэн бодлогоор хөгжүүлье гэвэл улс нэг тойрог болох нь боломжтой хувилбар мөн. Гэхдээ энэ тогтолцоогоор төлөөллийн ардчилал хэрэгжихгүй түвшинд очно. Хүн ам, нутаг дэвсгэр багатай газраас төлөөлөгч сонгогдохгүй байх магадлалтай. Гэтэл манай улсын хувьд газар нутаг өргөн уудам, тархай бутархай, нүүдэлчин өв соёлыг уламжилсан ард түмэн учир тохирохгүй хувилбар гэж үзэж байгаа.