Нийслэл хотод 18 сургууль, 35 цэцэрлэг, 5 спорт заалны барилга Есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орно
2019.08.07

Нийслэл хотод 18 сургууль, 35 цэцэрлэг, 5 спорт заалны барилга Есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орно

Нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хуралдаан 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралдаанд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй.

Үүнээс 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өмнө нийслэл хотод 18 сургууль, 35 цэцэрлэг, 5 спорт заалны барилга ашиглалтанд орж, сургуулийн хүчин чадлыг 9190, цэцэрлэгийн хүчин чадлыг 5895-иар нэмэгдүүлэх урьдчилсан гүйцэтгэлтэй байна.

Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан 19 сургууль, цэцэрлэг, олон улсын тусламжийн хөрөнгөөр баригдах 1 цэцэрлэг, нийт 20 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах шаардлагатай байснаас өнөөдрийн байдлаар 16 байршлын газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байна.

Газар эзэмшүүлэх захирамж гарсан боловч 7 байршлын газрын гэрчилгээ, кадастрын зураг албажиж батлагдахгүй байгаагаас эдгээр төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж чадахгүй байгаа тухай хуралдаанаар хэлэлцсэн.

Хурлаар газрын гэрээ, кадастрын зургийг энэ 7 хоногт багтаан гаргаж, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.